
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурал өнөөдөр болсон. Хурлаар 2013-2014 онд хийх ажлын төлөвлөгөө, 2012 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын талаар Эрчим хүчний болон Зам, тээврийн сайдын мэдээллийг сонссон.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2013-2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тухай Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Р.Мягмар танилцуулахдаа “Эрчим хүчний хэмнэлттэй, ердийн халаалтын зуухыг гэр хорооллын нийт өрхөд нэвтрүүлж дуусгана. Хот, гэр хорооллын гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, авто замын дохиололд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг /нар, салхи/ ашиглах, түүхий нүүрсэн дэх химийн хорт элементүүдийг микробиологийн аргаар цэвэрлэх технологи нэвтрүүлэх хэрэгтэй.Мөн гэр, орон сууцны төрөл бүрийн дулаалгын материал үйлдвэрлэх үйлдвэрүүдийг дэмжих, хотын зүүн хэсэгт аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж, дүүрэг бүрт боловсруулсан түлшний нөөцийн агуулах, эрчим хүчний хэмнэлттэй, сайжруулсан зуухны үйлдвэр бий болгох, Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол дахь халаалтын зуухнуудыг татан буулгаж, төвлөрсөн дулаан хангамжид холбох, автомашинаас үүсэх хорт утааг багасгах технологи нэвтрүүлэх, турших, утаа ихтэй болсон Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Баянхонгор, Дархан-Уул, Өвөрхангай, Орхон аймаг, Налайх дүүрэгт үйл ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг ажлыг төлөвлөөд байна. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд 282.3 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс 2013 онд хэрэгжүүлэх ажилд 93.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байна” гэв.
Эрчим хүчний яам төлөвлөсөн ажлуудаа хийж буй ч утаа багасгах хамгийн гол ажил “ДЦС-2” ТӨХК–ийг түшиглэн жилд 210,000 тн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолборын технологийн тохируулгын явц удаашралтай байгаа аж. Гэхдээ энэ аравдугаар сард багтан үйлдвэрлэлийг эхлүүлэхээр зорьж ажиллаж байгаагаа танилцууллаа.
Зам, тээврийн яамны хувьд 50 дуобус угсрах, дизель хөдөлгүүртэй 100 автобусыг цахилгаан хөдөлгүүртэй болгох, нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн 800, бага оврын 1500 автобусыг шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх ажил бараг эхлэлийн төдий байгааг дуулгав.
2013 оноос эхлэн стандартын шаардлага хангаагүй гэрийн зуухнуудыг худалдан борлуулахыг хориглох ажлыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулж, хяналт тавьж ажиллах, стандартын шаардлага хангаагүй авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь зөвшөөрөгдөх хэмжээг хангаагүй, гарал үүслийн гэрчилгээгүй бүх төрлийн асбестан бүтээгдэхүүн, дугуй, шүүлтүүрүүдийг хилээр нэвтрүүлэхийг зогсоох, гадаад орнуудад ашиглагдаж байсан авто тээврийн хэрэгслийг тухайн улсын техникийн хяналтын байгууллагын дүгнэлтгүй импортлохыг хориглох, 2013 онд багтаан авто замын тойрог, хурдны зам барих ажлуудыг эхлүүлэх, агаарын бохирдол хүлцэх дээд хэмжээнээс хэтэрсэн Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод, Өвөрхангай зэрэг аймагт дулааны төвлөрсөн системийг барьж байгуулах, гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай цахилгаан, дулааны шугам сүлжээг өргөтгөх зэрэг ажлуудыг зохион байгуулах, хөрөнгийн эх үүсвэрүүдийг шийдвэрлэж хэрэгжүүлэх зэрэг заалт бүхий тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ