
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Улмаар хүүхэд бүрт сар тутам 20 мянган төгрөг олгохоор болж, санхүүгийн эх үүсвэрийг нь архи, тамхины онцгой албан татварыг хоёр дахин нэмэгдүүлснээр бүрдүүлнэ гэж үзсэн. Энэ дагуу өнгөрсөн сарын сүүлээр уг ажил хэрэгжиж эхэлсэн бөгөөд иргэд ч дээрх өөрчлөлтийг дэмжиж байлаа. Гэтэл татвар нэмэгдсэнтэй холбогдуулаад архи, тамхины үнэ огцом өсөхөд бараа таваарын үнэд ч мөн адил багагүй өөрчлөлт оржээ. Үйлчилгээний төв, худалдааны томоохон захуудад хүнс, барааны үнэ хоёр дахин нэмэгдсэн бөгөөд наймаачид энэ талаар тодорхой тайлбар хэлэхээс зайлсийж байв. Хүнсний гол нэрийн барааны үнийг энэ сарын дундаж үнэтэй харьцуулахад нэлээд хэдэн хувиар өсчээ. Махны дундаж үнэ л гэхэд, нэг кг хонины /ястай/ мах 6500, хонины цул мах 7500, үхрийн /ястай/ мах 8000, үхрийн цул мах 9500, ямааны мах 6000, адууны мах 6000 төгрөгийн үнэтэй байлаа. Савласан дээд гурилын үнэ 0.6 хувиар өссөн бол, өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад тогтвортой байна. Будаа, элсэн чихрийн дундаж үнийг өмнөх сарын үнэтэй харьцуулахад 0.5 хувиар өсчээ. Хүнсний зарим бүтээгдэхүүний үнээс гадна бараа таваарын үнэ ч нэлээд хэмжээгээр нэмэгджээ.
Тухайлбал, иргэд “Бөмбөгөр” болон “Нарантуул” худалдааны төвд зарж буй хувцас, гутлын үнэ даруй 50-100 мянган төгрөгөөр нэмэгдсэн болохыг хэлж байлаа. Энэ үнийн өсөлт Багануур дүүрэгт ч бий болж. Тус дүүргээс хот руу ирж, хямд үнээр бараа цуглуулах гэж ирсэн хүмүүс “Их санасан газар есөн шөнө хоосон” гэгчийн үлгэрээр хий дэмий л амаа барьж, замынхаа зардлаар “шатаад” буцаж байна. Уг нь төрөөс зөвхөн архи, тамхины онцгой албан татварыг л нэмэгдүүлсэн юмсан.
Гэтэл өнөөх даварсан наймаачид чинь үүгээр далимдуулж, өөрсдийнхөө зарж буй бараа таваарын үнийг нэмсэн бололтой. Мэдээж, тэд амьдрах гэж ядаж яваа ядарсан наймаачид гэж өөрсдийгөө цоллож, өрөвдөхгүй байхын аргагүй шалтгаан хэлж өмөөрнө. Хүний л амьдрал болсон хойно. Амьдралаа залгуулж, арван цаасны ахиуг нь бодолцон халуунд халж, хүйтэнд хөрч зүтгэх наймаачдыгаа өрөвдөхгүй гээд ч яах билээ. Хэдхэн жилийн дотор танигдахгүй болтлоо өөрчлөгдөж, монголчуудын мөнгөөр хэрхэн хөл дээрээ босч чаддагийг яруу тодоор харуулсан Эрээн хот руу наймаачдын цуваа одоо хүртэл үргэлжилж байгаа шүү дээ. Замын-Үүд дэх хилийн боомт дээр хэрхэн тэмцэлдэж, хятад цэргүүдийн дээрэнгүй харцан дор ачаа тээшээ чирэн зүтгэх наймаачдыг ямар ч үед харж болохоор. Энэ мэтээр тоочоод байвал тэднийг өмөөрөх шалтгаан зөндөө л гарах байх. Гэхдээ үнийн өсөлтөд дарлуулсаар байгаад бараг “сурчихсан” иргэд энэ удаа өмөөрсөнгүй.
Төрийн албан хаагчдын цалин, өндөр настнуудын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн мөнгө, бензин шатахууны үнэ нэмэгдэх сургаар л хүнс, барааны үнэ хэд дахин нэмэгддэг нь наймаачдын дунд нэвтэрсэн “бичигдээгүй хууль” гэлтэй. Ингэж нэмсээр байгаад урд хөршөөс авчирсан хямд үнэтэй бараагаа гурав, дөрөв дахин нугалсан үнээр худалддаг болсон наймаачид одоо бүр энэ аргад амташсан гэхэд болно. Хаана, юу нэмэгдэж байгааг андахгүй учраас шалтаг л гарвал үнэ нэмэх гэж улайрдаг ичгүүргүй наймаачид олон бий. Өнгөрсөн жил бензин, шатахууны үнэ ямар ч шалтгаангүйгээр нэмэгдэхэд наймаачид дуртай нь аргагүй өлгөж аваад бүх барааныхаа үнийг нэмээд авсан. Гэтэл цалин хөлс бахь байдгаараа. Бензин шатахууны үнэ нэг литр нь бараг 2000 төгрөг давах дөхсөн энэ үед иргэд бүсээ чангалж, “нүцгэн” явах дээрээ тулж байлаа.
Өмсч зүүх, идэх уухаа хасан нойр хоолгүй шахам хөдөлмөрлөсөн ч амьдралаа чадан ядан залгуулж яваа хүн бидний дунд олон бий. Гэтэл бензин шатахуунаас хамаарч, унааны хөлснөөс өгсүүлээд бүх зүйлийн үнэ огцом нэмэгдсэнээр тэртээ тэргүй туйлдаад байсан иргэдийг газарт шургаж унахад хүргэсэн гэдэг нь нууц биш. Харин тухайн үед төрөөс энэ тал дээр дорвитой арга хэмжээ авч, бензин шатахууны үнийг буулгасан ч гэлээ, бусад бараа таваарын үнэд өөрчлөлт оруулж чадаагүй. “Яагаад ийм өндөр үнэтэй болчихсон юм бэ” гэж асуухад “Бензиний үнэ нэмэгдсэн шүү дээ” гэж хариулдаг байсан мөнөөх наймаачид бензин шатахууны үнэ эргээд буурахад “хоншоортой” загнаж чадсангүй. “Бензиний үнэ буурсан. Яагаад барааныхаа үнийг буулгахгүй байгаа юм бэ” гэж асуухад өөдөөс “Бензин үнэтэй байхад авсан эд юм чинь” гэж муухай хялайх нь хэрхэвч бууж өгөхгүй гэсэн янзтай. Наймаачдын хувьд “Нэм, нэм, бас дахин нэм” гэдэг луйврын уриагаар ажилладаг бололтой. Яахав дээ, тэд хөөрхий муу ядарсан иргэдийн халаасыг хоосолдог муухан дээрэмчдээс ялгарах юм алга.
Үнэндээ бараа бүтээгдэхүүний тухайд гэвэл, энд учиргүй өндөр үнэтэй байгаа зүйл нь Эрээний зах дээр ичмээр хямдхан байдаг шүү дээ. Ёстой л, тэнд байгаа үнийг хараад энд шулуулж байсан мөнгөө бодохоор дотор муухайрна гээч. Иймэрхүү байдлаар үнийн өсөлтөд дарлуулсан иргэдийн дийлэнх хэсгийг хувийн хэвшлийн компанид ажилладаг хүмүүс эзэлдэг. Төрийн албан хаагчдын цалин, өндөр настнуудын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн мөнгө байсхийгээд л нэмэгдэнэ. Харин хувийн хэвшлийнхэнд энэ бүхэн огт падлийгүй мэт. Тэгсэн мөртлөө төрийн албан хаагчдын цалин, өндөр настнуудын тэтгэвэр нэмэгдсэн сургаар хүнс, барааны үнэ өсөхөд тэд л хамгийн ихээр хохирч байгаа. Авдаг цалин нь нэмэгдээгүй мөртлөө амьдралын хэрэгцээт зүйлсийнх нь үнэ нэмэгдээд байхаар цаашид яаж амьдрах болж байна аа. Юм л бол “Бүсээ чангал” гэж хэлэх дуртай монголчуудынхаа жишгээр амьдарья гэсэн ч арга алга.
Цалингаас цалингийн хооронд өр тавьж, бүсээ чангалж зүтгэсээр байтал сүүлдээ харин бүс тогтох ч “юм” үлдэхээ байх нь. XXI зууны “соёлтой гуйлгачин”-гуудын тоог нэмж, бусдын л адил ажил амьдралдаа нухлуулж яваа залуус бидний дунд олон байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Жил бүрийн хавар, намрын улиралд эмч, багш нарын “синдром” хөдөлж, жагсаал цуглаан хийсээр байгаад л цалингаа нэмүүлчихдэг моод манайд дэлгэрээд удсан. “Цалингаа нэмэхгүй бол ажиллахгүй” гэж уйлан дуугарсан эмч нар өвчтөнүүдээ эс тоож үүдэндээ хөөж гаргасан бол, багш нар бяцхан сурагчдаасаа зугтах шахам төв талбайг зүглэж байлаа. Тэгээд л яаж ийж байгаад, ямар ч хамаагүй аргаар шантаажилж сууснаар цалингийн асуудал ОК. Харин хувийн хэвшлийнхэнд ийм боломж байгаа юу гэвэл бас л үгүй. Ажил хаяж, жагсаал цуглаан хийлээ гэхэд хоолноосоо салахын цондон болно. Бас үгийг нь хэн ч тоохгүй юм чинь. Ингэлээ гээд тэр цалин хангамжтай цуг нэмэгдэх “дуртай” хүнс, барааны үнэ тэднийг тойроод гарчихгүй. Харин ч бүр давхар дарлана шүү дээ.
Хоёр, гурван ажил зэрэг хийж, давхар орлогоороо л амьдрахгүй юм бол одоо цагт оногдсон бүхнээ чанартай хийж, шударгаар амьдарна гэдэг үлгэр болж дээ. Хамгийн гол нь, энэ мэт “дарлагч”-дын тоог сайн дураараа нэмж байгаа даварсан наймаачдад даруулга өгөх цаг хэзээ вэ гэдгийг хүлээж суух л үлдэж. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдсон О.Магнай олны анхаарлыг татсан хэд хэдэн асуудалд дорвитой арга хэмжээ авахаар ажиллаж байгаа юм билээ. Тэгвэл үнийн шуурганд өртсөн ард иргэдийнхээ амьдралыг баталгаатай болгож, эрүүл тогтолцоог бүрдүүлэх давхар захиас тээх хүн олон байгаа биз ээ.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ