
Үндэсний болон гадаадын хит болсон сонгодог бүтээлүүдийг морин хуураар тоглож, үзэгч сонсогчдыг гайхашруулдаг “Домог” хамтлагийг уншигчид маань андахгүй биз ээ. Авьяаслаг залуус өнгөрсөн хоёрдугаар сард “Хөсөгтөн”, “Алтан ураг”, “Арга билэг”, “Жонон” зэрэг хамтлагийнхантай хамтарсан тоглолт хийсэн. Язгуур урлагаа түгээн дэлгэрүүлж, дэлхий нийтэд таниулахыг хичээж буй ардын урлагийн “Домог” хамтлагийн нэгдүгээр морин хуурч, Соёлын тэргүүний ажилтан Доржнямын Шинэцогтой уулзаж ярилцлаа. Тэрбээр “Аравт” түүхэн сэдэвт уран сайхны киноны хөгжмийг тоглосон гэдгээрээ сүүлийн үед үзэгчдийн танил болоод буй.
-Ардын урлагаа орчин үеийн стильд оруулж, сонирхолтой хэв маягаар тоглодог хамтлаг нэлээд олширсон. Харин энэ бүхнээс “Домог” тань ямар байдлаар ялгардаг бол?
-Урлагийн ертөнцөд өөр өөрийн стиль, төрөл жанраар тоглодог хамтлаг олширно гэдэг маш сонирхолтой хэрэг. Тухайлбал, “Алтан ураг” хамтлаг рок стилиэр уран бүтээлээ туурвидаг бол, “Арга билэг” хамтлаг этно жааз стилийг баримталдаг. “Хөсөгтөн” хамтлаг хөөмэйд тулгуурлан аль болох олон хоолой гаргах маягаар тоглодог бол, “Жонон” хамтлаг орчин үеийн поп стилиэр дагнаж уран бүтээлээ хийдэг. Манай хамтлаг ардын уламжлалт аялгууг орчин үеийн модерн, шинэ хөгжмийн стильд оруулж тоглодог юм. Энэ мэт өөрсдийн гэсэн онцлогтой өвөрмөц тоглолтоор монголын ардын урлагийн шинэчлэл, уламжлалт өв соёлын гайхамшигт хөөмэй, морин хуурыг ямар түвшинд хүртэл хөгжиж байгааг таниулж, сурталчлах зорилготой хамтлаг цөөнгүй бий.
-“Домог” хамтлагийн бүрэлдэхүүн анх байгуулагдсан цагаасаа хойш өөрчлөгдсөн удаа бий юу?
-Үгүй ээ, анхны бүрэлдэхүүн маань хэвээрээ байгаа. Манай хамтлаг Хөгжим бүжгийн дээд сургуульд хамт суралцаж байсан нэг ангийнхан. “Домог” хамтлаг маань Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн түүхт их ойг тохиолдуулан “History” клубын дэргэд байгуулагдсан юм. Нэг, хоёр, гуравдугаар хуурч, их хуурч, цохивор хөгжимчин гэсэн мэргэжлийн таван хүний бүрэлдэхүүнтэй тоглодог. Хамтлагийн гишүүд хөгжимдөхөөс гадна хөөмэйлж дуулах жишээтэй. Байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн 20 гаруй оронд тоглолт хийж ардын урлагаа сурталчлахаас гадна томоохон тэмцээн уралдаанд амжилттай оролцож байлаа.
-Тухайлбал, ямар тэмцээн уралдаанд оролцож байв?
-2010 онд БНХАУ-ын Шанхай хотод болсон дэлхийн экспо үзэсгэлэн яармагт урилгаар оролцож, хоёр сар гаруй хугацаанд 400 гаруй тоглолт хийсэн. Өдөрт бараг зургаан тоглолт хийсэн гээд бод доо. Зуны улиралд зохиогддог энэ арга хэмжээнд эх орныхоо нэрийг гаргаж, ардын урлагаа сурталчлахын тулд хөлс хүч, хөдөлмөрөө шавхан байж зүтгэсэн. Зөвхөн нэг өдөр л гэхэд 10 гаруй мянган хүн үзэж сонирхсон гэх судалгаанаас харахад энэ үзэсгэлэн яармаг хэдэн сая үзэгчтэй байсныг дүгнэхэд бэрх. Тэрхүү амжилтаараа тухайн онд Монгол Улсын шилдэг хамтлагаар тодорч байсан удаатай. Үүнээс гадна багахан хэмжээний тэмцээн уралдаанд оролцож байснаа тоочвол нэлээд их бий. Сүүлийн үед зохиогдох болсон “Coke’n Beat” амьд хөгжмийн наадмаас “Үзэгчдийн таашаалд нийцсэн шилдэг хамтлаг” шагнал хүртсэн бол, “It’s Dipperent” наадмын Гран при шагналыг гардаж байлаа.
-Ардын хөгжмийг янз бүрийн хэв маягт оруулж, уламжлалт шинжийг нь алдагдууллаа гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Уран бүтээлээ эхэлж байх үед тань ийм зүйл тулгарч байсан уу?
-Үнэндээ тийм асуудал бидэнд тулгарч байгаагүй. Миний хувьд, арай өөр бодолтой байдаг юм. Ардын урлаг гэхээр л уртын дуу нь дан ганц морин хууртай эгшиглэж байвал нэг их сонин биш. XXI зууны охид залуус юу хүсч мөрөөдөж, сонирхож байна вэ, бид нар яг түүнтэй хөл нийлүүлэн алхахгүй бол хэцүү. Зөвхөн тэр XIII зууны Чингисээр бүх зүйлээ төлөөлүүлж, хуучны хэв маягаа өөрчилж чадахгүй бол хөгжихгүй шүү дээ. Гэхдээ үндэсний уламжлалт өв соёлоо хадгалж үлдэх ёстой.
-Монголын язгуур урлагаа дэлхий дахинд таниулан сурталчлах тал дээр уран бүтээлчид шаргуу хичээж байгаа. Гадаадын үзэгчид хэр зэрэг хүлээж авч байна вэ, хамтарч ажиллах санал их ирдэг үү?
-Ирэлгүй яахав. Бид олон оронд тоглолт хийж, уралдаан тэмцээнд оролцож явлаа. Хаана ч тоглосон бай, хамаагүй. Манай үндэсний урлаг эхний гурван байрт найдвартай багтдаг. Түүгээр нь бид маш их бахархдаг шүү. Уртын дууг маань сонсоод гадныхан гайхан биширч “Ямар сонин, гоё аялгуу вэ. Яаж ингэж цохилттой дуугарч байна аа” гээд л ярилцана. Уран нугаралт үзээд алмайрч суусан үзэгчид морин хуурч, хөөмэйч нар гарч ирэхэд өөрийн эрхгүй алга ташина. Ер нь, энд тэндээс хамтарч ажиллах санал цөөнгүй ирнэ. Нэг том тоглолтод оролцож байхад дараагийн тоглолтын урилга ирэх жишээтэй. “Ийм газарт ингэж тоглож өгөөч” гэх хүсэлт тасардаггүй.
-Хэдийгээр хамтарсан тоглолтоо хийх гэж байгаа ч таван хамтлагийн хувьд, тодорхой хэмжээний өрсөлдөгчид. Уран бүтээлээс гадна стиль имижээрээ ялгарах гэж хичээдэг байх. Энэ тал дээр?
-Мэдээж, тоглолтын хувцас ч юмуу уран бүтээлийнхээ онцлогт тохируулан стиль имижээ өөрчилдөг. Гэхдээ бидний сонгосон стиль заримдаа жаахан “хүнддэх” гээд байдаг юм. Хамаагүй хувцаслаж болохгүй.
-Таван залуу нэг дор ажиллаад удаж байна. Ямар нэгэн бэрхшээл, асуудал үе байдаг уу?
-Гайгүй шүү. Багаасаа хамт байсан болохоор бие биеэ сайн ойлгодог. Жаргал зовлонгоо хуваалцаж, ажил амьдралаа ч асуудал багатай шийддэг юм. Гадаадад удаан хугацаагаар аялж явахдаа хүртэл нэг нэгнээ ойлгож, мэдэрдэг болчихсон. Хэн нь ямар зан араншин, үзэл бодолтой вэ гэдгийг сайтар мэдэх учраас амар байдаг. Энэ бүхэн маань уран бүтээл дээр нэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болов уу. Иймэрхүү маягаар болоод л байдаг юм.
-Хөгжмөө бичүүлж, клип хийлгэхэд чамгүй өндөр хөлс төлдөг болсон цаг. Уран бүтээлээс олсон орлогоор амьдрах боломжгүй гэж ярьдаг хүн ч олон бий. Та нарын хувьд, хамтлагийн хажуугаар давхар ажил эрхэлж байгаа юу?
-Бид хамтлагийн уран бүтээлээ нэгдүгээрт тавьж, үндсэн ажилд тооцдог. Мэдээж хэрэг, хажуугаар нь өөрсдийн сонирхсон чиглэлээр ажиллахгүй яахав. Зарим нь бизнес хийж байхад, зарим нь өөр хамтлагт давхар тоглох жишээтэй. Би хамтлагийнхаа уран бүтээлийн хажуугаар “Бөртэ” хамтлагт хоёр жил гаруй хугацаанд тоглосон. Гадаад дотоодод хийсэн тоглолтод нь ч оролцдог байлаа. Мөн би АНУ, Япон, Монголын уран бүтээлчдээс бүрдсэн “Хөөмэй Тайко” хамтарсан тоглолтод оролцож, АНУ-д хоёр жил шахам ажилласан. Миний хувьд, уран бүтээлээ дагнаж л ажилладаг даа.
-Хамтлагийн хоёр дахь цомог хэдийд бэлэн болох вэ?
-“New Star” студид оны өмнөхөн бичлэгт орсон, одоо бараг дуусч байгаа. Хамтлагийн хувьд хоёр дахь цомог, харин гишүүдийн хувьд дөрөв дэх цомог гэсэн үг. 2007 онд би “Миний зүрхний аялгуу” нэртэй дэлхийн болон монголын сонгодог бүтээлүүдээс морин хуурын гоцлолоор зориулсан цомог гаргаж байлаа. Ахлагч маань багштайгаа хамтарч дан хөөмэйн төрөл багтсан “Айтугай, Биширтүгэй” цомгоо гаргасан. 2008 онд хамтлагийн хамгийн анхны “Домог-1” цомгоо гарсан бол, тун удахгүй “Домог-2” цомог маань мэндлэх гэж байна.
-Морин хуур судлаач, урлаачид маань сүүлийн үед өвөрмөц сонин шийдэл сонгох нь олширч. Гурван толгойтой морь ч юмуу могой толгой бүхий морин хуур хийж байгаа. Уран бүтээлч хүний хувьд, энэ өөрчлөлтийг хэрхэн хүлээж авсан бол?
-Тийм ээ, янз бүрийн загвараар хийж байна. Хүннү гүрний олдвороос гарсан хутганы бариул дээрх морины толгойг дүрсэлсэн хуур байх бишээтэй. “Алтан ураг” хамтлагийнхан хүртэл үлгэрээс сэдэвлэсэн мангас хуур хийлгэсэн байна шүү дээ. Энэ бүхэн чинь бас л хөгжил дэвшилтэй холбоотой. Хуур гэхээр толгой нь яагаад заавал морь байх ёстой гэж. Уг нь түүхээс сонирхож үзвэл, эрт дээр үед морин хуур гэж байгаагүй гэдэг юм билээ. Хун хуур, шанаган хуур, икэл гэх мэт байсан. Түүний дараагийн үед монголчууд хүлэг морио дээдлэх сэтгэлээр хуурандаа морин толгой залгасан түүхтэй. Ингэж л морин хуур үүссэн гэдэг. Энэ бол 100 гаруй жилийн өмнөх түүх байхгүй юу. 200, 300 жилийн өмнөх түүх ярихаар хуурын гарал үүсэл огт өөр байдаг.
-Тэгвэл таны хууранд “Домог”-ийн онцлог шинж хадгалагддаг уу, аль эсвэл..?
-Минийх энгийн л нэгэн морин хуур. Хамтлагийн маань нэг гишүүний хуур Хүннү гүрний олдвороос сэдэвлэж бүтээсэн өвөрмөц толгойтой.
-Энэ хууртайгаа хэдэн жил “найзалж” байна вэ. Уран бүтээлээ эхэлж байхдаа хуурдсан хуур тань мөн үү?
-Үгүй ээ, сүүлийн үеийн хуур. Одоо бараг хоёр жил хуурдаж байна. Би морин хуур сураад 13 жил боллоо. Анх сурч байсан хуур маань гэрт бий. Амрах цаг нь болсон гэх үү дээ, хуурдахаа больсон. Гэрт маань зургаан хуур байдаг юм.
-Морин хуураа захиалгаар хийлгэдэг үү. Материалын хувьд, хаанаас зэхдэг юм бол?
-Модыг нь урд хөршөөс авдаг юм билээ. Хуур урлаач, мастерууд зөндөө байдаг л даа. Тэдэнд толгой, иш, цар гэх мэт захиалгаар хийлгэх морин хуурынхаа загварыг хэлж өгдөг юм. Мастер хуур нэг саяас дээш үнэтэй. Бүр таван саяын үнэтэй хуур хүртэл байдаг юм. Зүгээр нэг сувинер маягийн хуур 50 мянгын үнэтэй.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ