
1895 оны есдүгээр сарын 21-ний өдөр (одооныхоор 10-р сарын 3) Хаант Орос улсын Рязан мужийн нутагт Константинова тосгонд тариачны гэр бүлд төрсөн хүүгийн хувь тавиланг яруу эгшгийн тэнгэр Муза эгнэгт атгасан байжээ. Үлгэрийн хүмүүжилтэй Есенин 9 наснаасаа шүлэг бичсэн байна. Хорьдугаар зууны хоёрдугаар онд Москва хэмээх их хотод хөл тавьсан хөдөөх хөвүүн хэвлэлийн газар хянагч хийж, амьдралын хатуу хөтүүг амсаж, эдэлж явахдаа, уламжлалт холбоц, орос ардын аман зохиол, үлгэр туульсын өнгө аястай шүлгүүдээ шимтэн бичсээр л байжээ.
Тэрбээр 1915 онд Петербургт хүрэлцэн очиход Оросын яруу найргийн нэгэн хүчирхэг давалгааны дээрээс Ахматовагийн хэлснээр мөнгөн саран шагайж, яруу найргийн бүлэг урсгалуудын оюун санааны эрэл хайгуул, тэмцэл оргил цэгтээ хүрээд байлаа. Уран бүтээлийн анд, бас ах нь болсон яруу найрагч Николай Клюев Сергей Есенинийг Александр Блок, Сергей Гродецкий, Андрей Белый гэх мэт мөнгөн зууны суутнуудын хүрээлэлд татан оруулсан ажээ.
Сергей Есенин бол монгол хэлнээ буусан уран бүтээлийнхээ тоогоор Пушкины дараа орох яруу найрагч. Монголд сүүлийн далаад жилийн хуга-цаанд нэртэй орчуулагч нар сонгодог яруу найрагчийн бүтээлийг эх хэлнээ буулгаж, амьдрал уран бүтээл, хувь хүнийх нь талаар сонин хэвлэлээр нэлээдгүй олон зүйл бичжээ. Суут найрагчийн талаархи энэ бүх мэдээ, орчуулгыг сэтгүүлч, яруу найрагч Д. Ган-Очир 20 жил цуглуулан эмхэтгэж ном болгон баринтаглажээ. Сод яруу найрагчийн төрсөн өдрөөр уг номын нээлт болно.
Эх сурвалж: "ТВ7" сэтгүүл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ