
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 1,2-ны өдөр Япон Улсад айлчиллаа. Айлчлалын хүрээнд сайд Японы Гадаад хэргийн сайд К.Гэмбатай хэлэлцээ хийв.
Гадаад харилцааны сайд Л.Болд шинэ Засгийн газрын зорилт, мөрийн хөтөлбөрийг танилцуулж, Монгол, Япон Улсын Стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулах санал тавьж, монголын талын төслийг гардуулав.
Сайд нар хоёр орны улс төрийн яриа хэлэлцээг дээд, өндөр болон янз бүрийн түвшинд үргэлжлүүлэх, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаарх зөвлөлдөх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, уул уурхайд болон боловсруулах үйлдвэр, төмөр зам, авто зам, барилга, эрчим хүч зэрэг дэд бүтцийн төслүүдэд Японы хөрөнгө, технологи оруулах, соёл, боловсрол, олон нийтийн харилцааг бэхжүүлэх, бүс нутгийн болон олон улсын талбарт бие биеэ дэмжсэн хамтын ажиллагаа хөгжүүлэхээр санал нэгдэв.

Гадаад харилцааны сайд Л.Болд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомичи, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ц.Сайто нар болон Батлан хамгаалахын сайд С.Моримото, Эдийн засаг, үйлдвэрийн сайд Ю.Эдано, мөн Либерал Ардчилсан намын дарга Ш.Абэ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Олон улсын Хамтын ажиллагааны банк (JBIC)-ны удирдлага, зарим томоохон корпорацийн төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Гадаад харилцааны сайд Л.Болд “Эн-Эйч-Кэй” телевиз, “Никкэй” сонин болон “Bloomberg news” агентлагт тус тус ярилцлага өгөв гэж
ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ