Т.Мөнхтуяа: Жингийнхээ медалийн буухиаг үргэлжлүүлсэндээ баяртай байна

img

Канадын Стратконад болсон эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Tунгалагийн Мөнхтуяатай уулзаж ярилцлаа. Тэрээр 1955 оны улсын баяр наадамд үзүүрлэсэн, улсын хүчин заан Б.Бадамын зээ охин нь юм байна. -ДАШТ-ээс хүрэл медаль авсанд баяр хүргэе. Та ингээд Монголын чөлөөт бөхийн түүхэнд нэрээ бичүүллээ… -Тийм үү? ДАШТ гэдэг том тэмцээнд оролцсондоо баяртай байна, медаль авч чадсандаа бүр ч их баярлаж байна. 59 кг-ийн жинд өмнө нь Гавьяат тамирчин Д.Нармандах эгч хүрэл, Гавьяат тамирчин С.Батцэцэг алтан медаль авч байсан. Тэр буухиаг нь би үргэлжлүүлсэндээ баяртай байна. Сая дэлхийн шилдэг бөхчүүдийн барилдааныг харж заримтай нь танилцаж сайхан байсан. -Барилдааныхаа тухай, өрсөлдөгч нарынхаа тухай ярина уу? -Би дөрвөн барилдаан хийсэн. Эхний тойрогт канадын бөх Мишель Фаззаритэй барилдлаа. Энэ бөхтэй Токио хотод болсон Дэлхийн цомын төлөө тэмцээнд таарч клинч барьцаар ялагдаж байсан болохоор барилдааныг нь мэддэг болсон байсан, энэ удаа ялна гэж бодоод зүүн гар таллах мэх хийж эхний үед оноо авч хожоод хоёрдугаар үед хөлдөө алдаж хожигдоод гуравдугаар үед нэг оноо алдаад их хэцүү байдалд орсон ч сугадаж дайраад оноо авч хожсон. Хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Лей Жейнсийг гурван үе барилдаж ялсан. Мөнгөн медалийн төлөө барилдаанд их хичээсэн боловч Беларусийн бөх Залина Сидаковад яалтгүй дийлдсэн. Хүрэл медалийн төлөө барилдаанд гарахад Б.Батбаяр, Ч.Раднаабазар багш нар маань урьдах барилдаанууд шигээ гарыг нь таллаж өөрийнхөө барилдааныг хийгээрэй гэж захисан, тэгээд Энэтхэгийн бөхийг хоёрдугаар үед цэвэр дарсан. -Барилдааны бичлэгийг чинь харж байхад хөлд бараг орохгүй юм аа... -Би голдуу гар таллаж мэх хийж бярдаж барилдах дуртай, надад эвтэйхэн байдаг. Гэхдээ багш нар маань хөлд орох мэх хийж бай, ялалт улам ойртдог, өнөөгийн дүрмийн нөхцөлд хөлд орж оноо авч байх маш чухал гэж хэлдэг. Ингээд намайг “Аварга” биеийн тамирын дээд сургуульд оюутан болоод чөлөөт бөхөөр хичээллэнэ гэж огт бодоогүй явахад минь чөлөөт бөхөд ор гэж ятгасан Гавьяат дасгалжуулагч Х.Намшир багш, миний багш дасгалжуулагч Ю.Гандолгор, улсын харцага Л.Бадарч, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нартаа баярлалаа гэж хэлье. Хойшид сайн барилдахыг хичээнэ, жаахан айдас байна, одоо хүмүүс надаас дандаа амжилт хүсэх байх гэж бодогдоод... -Та чинь Булган аймгийн Тэшиг сумынх... -Тийм ээ, удахгүй очиж аав, ээж нартаа медалиа харуулна. Тэд нар маань малчин хүмүүс. Би айлын дөрвөн хүүхдийн хоёр дахь нь, спортоор хичээллэдэг нь одоохондоо би ганцаараа. Д.Өлгийсайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улсын хүчин заан гэж ямар цол байдгийн бэ?
2012-10-08
монгол:
САЙН БАЙНА. БЭЛТГЭЛЭЭ ЧАНАРТАЙ ХИЙДЭЭ.
2012-10-06
zochin:
munkhtuyadaa bayar xvrgie. Nutgiin neriig duursgaj bgaad bayar xvrgej bna. Bulganiixan mundag shvv.
2012-10-05
Nutag:
Nutgiin duudee bayar hurgiy.sain bna ulam ih amjilt gargaarai manai nutgiihan anhdagch shuu anhdagch bolooroi
2012-10-04