
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам, Бүгд найрамдах намаас өрсөлдөж буй Барак Обама, Митт Ромни нар анхны халз мэтгэлцээнээ хийлээ.
Тус улсын томоохон судалгааны газруудаас гаргасан судалгаагаар мэтгэлцээний өмнөхөн өрсөлдөгчдийн рейтинг бараг ойролцоо одоогийн ерөнхийлөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама цөөн хэдэн хувиар илүү байсан.
Жишээ нь америкийн тэргүүлэх мэдээллийн агентлаг болох CNN-ийн судалгааны төвөөс гаргасан тооцооллоор Барак Обамаг сонгогчдын 51 хувь нь дэмжиж байгаа бол Митт Ромниг 44 хувийн дэмжлэгийг хүлээгээд байна хэмээжээ.
Мөн латин америк гаралтай иргэд болон цагаачдын 74 хувийн дэмжлэгийг одоогийн ерөнхийлөгч Барак Обама хүлээгээд байна хэмээн мэдээлж байсан.

Тэгвэл тэдний өрсөлдөөнд шийдвэрлэх тун чухал нөлөө бүхий анхны халз мэтгэлцээн өндөрлөөд удаагүй байна. Денвер хотын Денверийн их сургуульд хийсэн эхний халз мэтгэлцээний дүнг гаргахад “Халз мэтгэлцээний ялагч нь хэн бэ” гэсэн асуултад нийт оролцогчдын 67 хувь нь Митт Ромниг нэрлэсэн байна.
Ингэснээр эхний мэтгэлцээнд ерөнхийлөгч Обама хүнд цохилт хүлээж гарцаагүй ялагдлаа хэмээн хэвлэлийн агентлагууд мэдээлж эхэллээ. Уг нь мэтгэлцээний өмнөхөн судалгаа явуулахад 56 хувь нь Барак Обамаг ялна,харин Митт Ромниг 32 хувь нь ялна хэмээсэн дүн гарчээ.
Үүнээс ажиглахад америкчууд Обамаг мэтгэлцээнд амжилттай оролцож хүчтэй өрсөлдөгчөө буулган авна хэмээн хүлээж байжээ. Гэтэл эцсийн дүн эсрэгээрээ гарчээ.
Мэтгэлцээн АНУ-ын эдийн засаг болон эрүүл мэндийн салбарын асуудлуудаар эхэлсэн ба эхнээсээ л Митт Ромни ерөнхийлөгчийн зүг ширүүн дайралтыг хийжээ.

Өнгөрсөн жилүүдэд Барак Обамагийн засаглалын үед явуулсан эдийн засгийн бодлого санхүүгийн салбараас төрөн гарсан Митт Ромнид таатай бай болоод буй хэмээн ажиглагчид бичдэг.
Тэгвэл энэ ёсоор Барак Обамагийн үед ажилгүйдэл өсөж, эдийн засгийн доройтолд орж эхэлсэн тухай Митт Ромни асуултаа тавьж эхэлсэн ба Обамагийн хариултын хариуд бүх зүйл таны харалган бодлогоос шалтгаантай, эдийн засгийн мэдлэггүй, алсын хараагүй гэх мэтчилэн хатуу үгсээр шүүмжилж байжээ.
Үүний хариуд ерөнхийлөгч тун тайвнаар өөрийгөө хамгаалж байсан ч зарим үгний хариуд барьц алдаж байсныг телевизийн зураглаач нар алдалгүй тодруулан харуулж байсан юм.
Митт Ромни хэлэхдээ “Дэлхийн эдийн засгийн хямралаас хойш америкийн энгийн иргэдийн халаас улам л нимгэрч ирсэн нь ноён ерөнхийлөгчийн өндөр орлоготой иргэдээс авдаг татварыг нэмэгдүүлэх зэрэг ямар ч үр ашиггүй хэтэрхий хөнгөмсөг шийдлүүдийн харгай.

Иймэрхүү шийдвэрүүдээс чинь өнөөгийн ажилгүйдлийн манан ч эхэлсэн. Ажил олгогчдыг дэмжих таны бодлого татварын шинэчлэлтэй чинь эрс зөрөлдөж буйг ямар ч эдийн засагч түвэггүй оношлоод өгнө. Ажилгүйдлийг бууруулах одоогийн бодлого ч мөн адил таны ирэх жилүүдэд цагаачдын урсгалын хяналтыг бууруулж, хууль бусаар америкт амьдарч буй гадны иргэдийн талаар баримтлах чиглэлтэй чинь эрс зөрчилдөж байна” хэмээжээ.
Мэдээж хэрэг ерөнхийлөгч өөрийн засаг захиргааны явуулж ирсэн бодлогыг өмөөрч байсан ч зарим тал дээр алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрсөн өнгө аяс гаргаж байсан нь түүний сул тал боллоо хэмээн ажиглагчид дүгнэж байна.
Мэтгэлцээний сүүлийн мөч хүртэл өрсөлдөгчийнхөө түрэмгий гэмээр довтолгоонд өртөж байсан ерөнхийлөгч ийнхүү хүнд цохилтод орж байгаа нь нийт сонгогчдын судалгааны хувьд өөрчлөлт оруулах эрсдэлтэйг мэргэжилтнүүд тэмдэглэжээ.
Митт Ромнигийн хувьд мэтгэлцээнд мэдээж хэрэг давуу талтай оролцсон. Түүнд өрсөлдөгч рүү гээ хараалах олон “бай" байсан. Харин Обамад Митт Ромниг “ангуучлах” сэдэв нь мөрийн хөтөлбөр л байлаа. Нэг ёсондоо хоёр нэр дэвшигч нэг нь өрсөлдөгчийнхөө мөрийн хөтөлбөрийг довтолж байсан бол нөгөөх нь өнгөрсөн хугацаанд хийсэн үйл ажиллагаа руу нь чиглэсэн. Одоо АНУ-д ажилгүйдэл өсөн нэмэгдэж, эдийн засгийн хувьд тогтвортой бус байгаа. Тиймээс Обамагийн эх оронч хариултаас илүүтэй Митт Ромнигийн “мөнгөний чимээ” америкчуудад илүү сонирхолтой санагдаж байж болох юм. Обамагийн ялагдал ийм л учиртай.
Гэхдээ америкчууд түүнийг мэтгэлцээнд давуу талаа харуулна хэмээн найдвар тавьж байжээ. Тэдний найдварыг мэтгэлцээний туршид алдсан нь ойрын үед хоёр нэр дэвшигчийн рейтинг бараг зэрэгцэж ирэх шалтгаан болох гэнэ.
Ирэх арваннэгдүгээр сарын 6-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн бүх нийтийн санал хураалтаас өмнө тэд дахин хоёр ч удаа нүүр тулна. Дараагийн мэтгэлцээн ирэх 16-ны өдөр Нью-Йоркт болох ба “CNN”-ийн алдарт сэтгүүлч Сэнди Кроули хөтлөн явуулах аж. Үүний дараа эцсийн тулгаралт 22-ны өдөр Флоридад болох юм. Мөн дэд ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж буй Жо Байден, Пол Райн нар Кентакки мужийн Денвилл хотноо энэ сарын 11-нд нүүр тулна.
Ерөнхийлөгч Обамагийн хувьд дараагийн халз уулзалтдаа ялагдаад байвал ирэх сард болох санал хураалтад таагүй мэдээ дуулж магадгүй. Учир нь АНУ-ын ерөнхийлөгчийн халз мэтгэлцээн нь америкчуудын ирээдүйн ерөнхийлөгчөө сонгох сонголтод томоохон нөлөө үзүүлсээр уламжлал болсон юм.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ