Инфляцийг найман хувиас хэтрүүлэхгүй байх боломжтой гэв

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн талаархи илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан, Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн талаархи аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Ч.Раднаа танилцуулсан юм. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Засгийн газар Улсын нийгмийн даатгалын санд 2.1 их наяд төгрөг төлөх өртэй яваа. Өрийн буцаан төлөлт ямар шатанд яваа вэ хэмээн лавласан. Түүнчлэн жилийн жилд бичигдэн дамжиж явдаг дамжуулан зээлэлтийн талаар мэдээлэл хүссэн. Сүүлийн 15-17 жилийн туршид эргэн төлөгдөхгүй яваа дамжуулан зээлтэй компаниудын нэрийг харахад өдгөө үйл ажиллагаа явуулахгүй болсон олон аж ахуйн нэгж харагдаж байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах юм бэ гэж асуусан. Монгол Улсын Ерөнхий аудитор Ч.Раднаагийн хариулснаар, дамжуулан зээлтэй 130 аж ахуйн нэгж буй бөгөөд нийт зээлийн хэмжээ 434 тэрбум төгрөг юм байна. Мөн төсвийн байгууллагын 33 тэрбум төгрөгийн дамжуулан зээл буй ажээ. Нийт 500-гаад тэрбум төгрөгийн  авлагыг авах байгууллага тус бүрээр аудит хийсэн бөгөөд зээлийг эргэн төлөх эзэн холбогдогч олдохгүй байгаа, аж ахуйн нэгж, байгууллага нь алга болчихсон зүйл ч байгаа юм байна. Зээл тус бүрт аудит хийн дүгнэлтээ гаргачихаад байгаа гэлээ. Улсын нийгмийн даатгалын санд буцаан төлөх авлагыг жил жилээр тооцон барагдуулж байгаа бөгөөд энэ жил Засгийн газар 236 тэрбум  төгрөгийг буцаан төлөх хуваарьтай юм байна. Одоогийн байдлаар 132 тэрбум төгрөгийг төлсөн бол, 104 тэрбум төгрөгийг хараахан төлөөгүй байгаа гэж Ерөнхий аудитор Ч.Раднаа хэлсэн юм. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын санд 400 тэрбум төгрөг байгаагаас 98 тэрбум нь банкны хугацаатай хадгаламжид, 302 тэрбум нь харилцах дансандаа буй ажээ. УИХ-ын зарим гишүүд тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Дэмбэрэл нар УИХ-аар төсвийн гүйцэтгэлийг нухацтай ярилцах хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүүхдүүдэд сургууль, цэцэрлэг нь хүрэлцдэггүй, эмэгтэйчүүдэд төрөх эмнэлгүүд хүрэлцэхгүй, Гэмтлийн эмнэлэг нь ачааллаа даахгүй байхад төсвийн мөнгөний зарцуулалт замбараагүй, 200 тэрбум төгрөгийг зам засварт зарцуулсан атал зам нь хоёр хоноод эвдэрдэг хэмээн шүүмжлэлтэй хандаж буйгаа хэлж байлаа. Төсвийн гүйцэтгэлд Төсвийн хяналтын дэд хороо хяналт тавин хэлэлцэх нь зүйтэй гэж тэрбээр хэллээ. Гишүүд ийнхүү хэлэлцээд дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Үүний дараа "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв.  Тогтоолын төслийн талаархи илтгэлийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал танилцуулсан юм. Тэрбээр, ирэх онд Мөнгөний бодлогын арга хэрэгслээр инфляцийг тогтвортой нам түвшинд байлгаж, Засгийн газартай хамтран нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг хязгаарлах бодлого баримтална хэмээн 2013 оны мөнгөний бодлогын төсөлд тусгасан гэлээ. Хэрэглээнийүнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2013 оны эцэст 8 хувиас хэтрүүлэхгүй байж, улмаар 2014-2015 онд инфляцийг 5-7 хувийн түвшинд байлгах нөхцөл бүрдүүлнэ гэж тооцсон байна. Банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг нэмэгдүүлэн салбарын эрсдэл даах чадварыг дээшлүүлэхээр ч тусгасан байна.  Олон улсад мөрдөгдөж буй хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг банкны салбарын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг боловсронгуй болгох тухай заалт оруулсан хэмээн Н.Золжаргал танилцуулгадаа дурдсан. Монголбанк 2013-2015 онд бэлэн бус төлбөр тооцооны хосолмол (чип,соронзон тууз, зайнаас хандах технологи хосолсон) карт гаргах, иргэний ухаалаг үнэмлэхийг төлбөр тооцоонд ашиглах, интернетийн орчинд төлбөр хийх боломжийг боловсронгуй болгох ба хөдөлгөөнт банкны үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлж, төлбөр тооцооны системийн шинэчлэлийг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байна гэлээ. Дээрх асуудлыг хэлэлцсэн Эдийн засгийн байнгын хороо Үндсэн чиглэлийн төсөлд инфляцийг 2013 оны эцэст 8 хувиас хэтрүүлэхгүй байх, төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлж, уян хатан тогтоох зарчмыг үргэлжүүлэх, банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг нэмэгдүүлэн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, банкны эрсдлийг бууруулах, улмаар зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор барьцаа хөрөнгийн эрх зүйн орчныг шинэчлэх, Төв банкны хариуцлагыг сайжруулах зэрэг, бодлого чиглэлүүдийг тусгасан байна гэээд гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн байна. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, инфляцийг 2013 онд 8 хувиас хэтрүүлэхгүй байх зорилт хангагдаж чадах уу хэмээн асуусан юм. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, нифляцийг 8 хувьд хүргэх боломжтой гэсэн тооцоог урт хугацааны макро загварчлалаар бодож гаргаж ирсэн гээд Засгийн газартай хамтран хийх ажлаа нарийн тусгасан гэлээ. Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх 4-5 төсөл одоогоор бэлэн болоод байгаа агаад инфляцийг 8 хувьд хүргэх зорилт бодитойгоор биелэх боломжтой хэмээн хариулсан юм. Хуралдааны үеэр гишүүд инфляц, болоод зээлийн хүүг нэг оронтой тонд хүргэх, гадаад валютын ханшийн тогтвортой байдал, банкуудын төлбөрийн чадварыг нэмэгдүүлэх зэрэг асуудалд анхаарал хандуулан ярилцсан  юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ