
Нэгэн үе камертай болгон кино хийхээр зүтгэж, болсон болоогүй баахан кинонцор бөөндөж гаргасан нь олны эгдүүцэл, дургүйцлийг төрүүлж байсан. Монголын кино урлаг чамгүй шүүмжлэлд өртөж, унаж доройтсон мэтээр төсөөлөгдөх болсон нь эрхэм “кино бүтээгчдэд” их мөнгөний үнэр мэдрүүлсэн юм шиг л үхэн хатан гүйлдэж байлаа. Сүүлдээ бүр эх адаг, хөл толгой нь ч мэдэгдэхээ больсон төдийгүй нэгэн томоохон найруулагчийн хэлснээр “Найруулагч бус яайруулагч, зураглаач бус зураг алаач” нар олширсон гэхэд хилсдэхгүй байх.
Үүгээр ч зогсохгүй, рок попынхноос зүүгдэж хоолойны бичлэг хийж, шоу тоглолт зохион байгуулах нэрээр овоо хэдэн төгрөг салгаад амждаг студи, продакшнууд хүртэл кино хийж наадсан. Мэдээж хэрэг, кино хийнэ гэдэг амар ажил биш. Мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлага дутмаг болохоор энэ бүхнээ хаацайлахын тулд олны танил хамтлаг, дуучдыг урьж тоглуулсан боловч амжилтанд хүрээгүй. Тэдний хийсэн кинонцор үзэгчдийн сэтгэлд хүрэх нь бүү хэл, дурсагдах ч үгүй хоцорсон нь гайхаад байх зүйл биш. Ийнхүү шалдаа бууж, хаяагаа манасан студи продакшнууд реклам сурталчилгаа, клипний ажилд ханцуй шамлан оржээ. Сүүлийн хэдэн жил борооны дараах мөөг шиг олшроод байгаа одонцруудын тоогоор энэ бүхний тоо ч эрс нэмэгдсэн. Гэхдээ дийлэнх нь студи гэхэд ч ичмээр дамшиг байна лээ.
Энд тэндхийн орц хонгил, хажуу өрөөнд байрлан хэдэн муу компьютертээ хавчигдсан сөөсгөр жаалууд өөрсдийгөө “Рекламны мангас” гэж ирээд л танилцуулахыг нь яана. Чанартай чанаргүй хэдэн клип хийснээ ичих ч үгүй “Уран бүтээл” гэж цээжээ дэлдсэн тэд хэдэн дүрс холбочихоод “Реклам хийлээ” гэж эндүүрнэ. Үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн, аятайхан сурталчилгаа ч хийж чадахгүй байж ам л нээвэл мөнгө нэхсэн улс байх юм. Юун өнөө чанартай үйлчилгээ, энэ тэр. Тэдэнд ёстой падлий ч байхгүй мэт аашилж сууна гээч. Багахан хэмжээний реклам сурталчилгаа хийлгэх захиалга өгөхөд л өөдөөс тэнгэрт хадсан үнэ хэлээд гэдийж суудаг нь имиж гэлтэй.
Харамсалтай нь, захиалга өгсөн үйлчлүүлэгчид өгсөн үнэ хөлс шигээ олигтой реклам хийлгэж авна гэдэг даанч ховор юм билээ. “Мөнгөө авсан л бол бусад нь хамаагүй” гэсэн шиг ажлаа удаашруулж, баахан явдал чирэгдэл учруулдаг тухай уран бүтээлчид дуу нэгтэй хэлдэг. Реклам сурталчилгаа хийх үнэ ханш нэмэгдээд ирэхтэй зэрэгцээд арилжааны телевизүүд ч ашиг хонжоо харах нь лав. Кино, нэвтрүүлгийнхээ дундуур цацах сурталчилгааны үнээ хэд дахин нэмсэн гэх. Тиймээс студи нэртэй энэ мэт оромж, чадваргүй “уран бүтээлч”-дийн балгаар хэчнээн хүн хохирч байгааг хэлэхэд бэрх юм. “Чадварлаг мэргэжилтнүүдээр чанартай клип, сурталчилгаа хийлгэхэд үнэ хөлс яахав дээ” гэх хүн цөөнгүй байдаг ч, тэр бүр сэтгэлд нийцэх рекламчид олдохгүй. Дэлхийд 40 гаруй жилийн түүхтэй рекламны хөгжил манайд дөнгөж хөгжих шатандаа яваа тухай мэргэжилтнүүд нь хэлдэг юм билээ.
Реклам сурталчилгааны шилдэг бүтээл шалгаруулах наадам дэлхийн улс орон бүрт жил тутамд зохиогдож байхад манайхан алдаг оног хийсэн “түүхтэй”. Энэ талын мэдээлэл сурталчилгаа ч тун ховор. Өөрсдийгөө рекламны мангас, энэ тэр гэж сурталчлан бирд шиг аашилж суугаа хулхи рекламчид ичих цаг нь болж. Их мөнгө мөрөөдөж суухын оронд дэлхийд алдартай шилдэг рекламуудаас суралцаж, толгойдоо жаахан ч гэсэн “юм”-тай болмоор юм даа.
“G entertainment” продакшны продюссер Д.Ганболд ч нэгэн үе энэ талаар асуудал дэвшүүлж, санал бодлоо хуваалцаж байсан бөгөөд “Хэвлэл мэдээллийн хэрэгслийг дөрөв дэх засаглал гэдэг бол реклам хатан хаан нь. Нэг үе үзэгчид реклам үзэхээс төвөгшөөдөг байлаа. Энэ нь рекламны мэргэжилтнүүдийн дунд нэгдсэн сургалт зохиогдохгүй байгаатай холбоотой. Рекламны ассоциаци байгуулагдсан ч тэр дороо л алга болчихсон шүү дээ. Тэгэхээр рекламны талаар бүдэг бадаг төсөөлөлтэй хүн бүр л дураараа тоглож байхгүй юу. Гэтэл цаана нь аягүй том арга технологи, шинжлэх ухаан бий. Үүнээс суралцаж, арга барилаа өөрчилж, реклам сурталчилгааны чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх хэрэгтэй байна. Залуус маань ирээдүйн рекламны хөгжлийг тодорхойлох учраас тэр л дээ.
Үнэндээ манайд жинхэнэ “рекламны мангасууд” үгүйлэгдэж байгаа” гэж тайлбарлаж байсан. Тэгвэл гадаадад реклам сурталчилгаа гэдэг бол зураг авалт, бэлтгэл ажил гээд л минут, секундээр хэмжигдэх зүйл биш. Хугацаанаас үл хамаарч, маш их ажиллагаа ордог юм билээ. Энэ ч утгаараа, үнэ төлбөр нь ч харьцангуй өндөр байдаг аж. Гурван секундын реклам Москвад 100 мянган ам.долларын өртөгтэй байдаг гээд бод доо. Зах зээл нь том, технологи сайтай, мэргэжилтнүүд нь өндөр цалинтай учраас тэр. Манайд реклам дунджаар нэг сая төгрөг л байдаг гэсэн судалгаа бий. Мэдлэг боловсрол, техник технологиор ойролцоо түвшинд байгаа мөртлөө үнэлгээ нь огт өөр гэдэгтэй реклам сурталчилгаагаар хоолоо олж иддэг олон хүн хэлдэг юм билээ.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ