Зөвшилцөх ажлын хэсэг ажлаа үргэлжлүүлнэ
УИХ дахь АН-ын бүлгийн хурал өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, түүнийг дагаж мөрдөх багц хуулийн төслийн ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ахлахаар болжээ. Мөн 2012 онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Я.Батсуурь ахлахаар болсон байна. Эдгээр асуудлын дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын санаачилсан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ төрлийн хуулийн төсөлтэй нэгтгэхээр болжээ.
Эцэст нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зөвшилцөх ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. УИХ дахь АН-ын бүлэг тойргуудыг дахин жижиглэхгүй, тойргуудыг хуваах даа хүн амын нягтаршилыг харгалзан үзнэ гэсэн санал дээр хатуу зогсохоо мэдэгдлээ. Харин УИХ дахь МАН-ын бүлэг 44 жижиг тойрог болгон, хүн амын нягтаршилыг орон нутгийн онцлогтой хамт харгалзан үзнэ гэсэн саналыг гаргаад байгаа билээ. Талууд зөвшилцөлд хүрээгүй тул ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ