
Өнөөдөр Монголын оюутны эрхийн өдөр. 1942 оны аравдугаар сарын 5-наас эхлэн жил бүр энэ өдрийг тэмдэглэдэг болсон. Уг нь намрын шаргал энэ өдрүүдэд манай оюутнууд ногооны талбайд төмс, хүнсний ногоо хурааж, үтрэмд үр тариа буулгаж, хадлангийн талбайд өвс бухалдаж байдагсан. Гэвч цаг өөрчлөгдөж.
Өнөөдөр МУИС-ийн хичээлийн II байрны өмнөх талбайд МОХ-ноос зохион байгуулж, 200-гаад оюутны цуглаан болов. Тэд автобусны буудлын дэргэдэх нийтийн эзэмшлийн талбайд автомашин тавихыг хориглож, оюутны талбайг тохижуулах шаардлага тавьжээ. Цуглааныг зохион байгуулагчдын хэлснээр бол уг талбайг 2003 онд Ерөнхий сайдын шийдвэрээр оюутны нэрэмжит болгосон гэнэ. Гэвч цаасан дээр буулгасан албан ёсны баримт бичиг тэдэнд байсангүй. 2003 оноос хойш МОХ-ноос тохижуулсан юм ч харагдсангүй.
Харин нэг давхар “Tse” баарны буйран дээр 12 давхар “Bluemon” барилга боссоноор өмнөх талбайг нь хатуу хучилттай болгож, автомашины зогсоолын шугам татжээ. Гэхдээ энэ нь нийтийн эзэмшлийнх учраас “Bluemon”, “Өргөө-2” кинотеатрын үйлчлүүлэгчид төдийгүй МУИС, ШУТИС-ийн багш, оюутнууд ч машинаа тавьдаг хөл ихтэй газар. Дашрамд дурдахад энд газар дор автозогсоолтой, дээрээ цэцэрлэгт хүрээлэн байгуулах зураг төсөл хэдийнэ гарсан боловч МОХ-ноос цааргалсаар өдий хүрчээ. Гэвч одоо болохоор автомашин тавиулахгүй, оюутнууд өмчилж авна хэмээн хотын удирдлагаас гэнэт шаардаж эхэлсэн нь хачирхалтай.
Цуглааны өнгө төрхийг ажихад Монголын 151 их, дээд сургууль, коллежийн 170 мянга шахам оюутныг эгнээндээ нэгтгэсэн МОХ-ноос зохион байгуулж байгаа гэхэд даанч даржин, эрхийнхээ үнэт өдрийг дэндүү хайран тэмдэглэж байна уу даа хэмээн харуусах сэтгэл төрснийг нуух юун. Онцлох юм гэвэл Оюутны холбооны туг л харагдав. Ирсэн оюутнуудын эрх хөсөрдөөд, түүнийхээ төлөө тэмцэж байна гэх итгэл үнэмшил тэдэнд даанч алга. Дуулгавартай хэдэн оюутныг нохойд барьдаг мод шиг турхирдаг МОХ-ны удирдлагын улиг болсон арга барил гэмээр. Тус холбооны удирдлагын цөөхөн залуу явцуу ашиг сонирхлынхоо хүрээнд “Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” гэх мэтээр үе үе улстөржиж, өөрсдөө суга дэвшдэгийг цаг үе харуулсаар ирсэн.
Нийслэлийн төсвөөс жил бүр оюутнуудын нийтийн тээврийн хөнгөлөлтийн зардалд хэдэн тэрбум төгрөг зарцуулдаг. Түүнийг МОХ-ны аппаратынхан шагладаг нь ч нууц биш. Ер нь татвар төлөгчид мөнгөнийхөө хойноос шалгалт хийхэд яагаад болохгүй гэж. Тус холбооны удирдлага чамлахааргүй их хөнгөлөлтийн хариуд нэг удаа ч болов гудамжны цас цэвэрлэж, явган хүний гарцан дээр зорчигчдын хөдөлгөөн зохицуулахад туслаад өгье гэсэн санал санаачлага гаргаж байсныг сонсоогүй.
Саяхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө дуу нэгтэй нэмсний хариуд хэдэн саяын торгууль тавьсан. Энэ бол өөр хэнд ч хүртээлгүй, зөвхөн оюутнуудын эрх ашгийн төлөө төрөөс авсан арга хэмжээ. Харин МОХ үүнийг дэмжсэн үү... МУИС-ийн хичээлийн II байрны баруун талд байсан “Титаник” баар буйраа цэвэрлээд байгаа. Томчуудын дүүтэй холбоотой гэх энэ газар дээр харин юу босох гэж буйг МОХ мэдэх үү.
МОХ-ны удирдлагууд гэнэт суга дэвшдэг, муусайн оюутнууд нэг л мэдэхэд хөрсөн дээрээ үлддэг. Ирэх арваннэгдүгээр сарын 17-Олон улсын оюутны эрхийн өдөр. Монголын оюутнууд МОХ-ны удирдлагын нохойд барьдаг мод биш.
Х.Аянга






Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ