О.Содбилэг: Пропорционал тогтолцоогоор сонгуулийг ингэж хийцгээе!

img

МАН-ын Бага хурлын гишүүн О.Содбилэгтэй ярилцлаа.

- УИХ-ын сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг үргэлжилж байгаа. Харин сонгуулийн тогтолцооны аль хэлбэр нь давамгайлсан байх, түүний тооны харьцаан дээр гацчихаад байгаа үед Та өөрийн хувилбарыг санал болгож байгаа юм байна. Үүнийгээ тайлбарлах уу? - Улс төрд болж байгаа зөв бус үзэгдлүүдийг би дотор нь нилээн хэдэн жил ажиллаж байгаа хүний хувьд болох талаас нь саналаа дэвшүүлж, ярилцаж хэлэлцэж ирсэн. Гэвч өнөөдөр бид сонгох, сонгогдох эрхийн дагуу явагдах сонгуулийн системийн хамгийн гол хэсэг болох сонгуулийн тогтолцоог ард түмэнд ил тодоор тайлбарлаж ойлгуулахгүйгээр хэлэлцэж байгааг дуугүй харж сууж чадахгүй.

Ардчилсан намынхан пропорционал тогтолцоогоор сонгууль явуулна гээд зүтгээд байгаа мөртлөө үүнийгээ ард түмэнд тайлбарлаж ойлгуулахгүй байгаа үзэгдлийг “жерримандеринг” гэсэн улс төрийн шинжлэх ухааны нэр томьёллоор тайлбарлаж болно. Энэ нь сонгуулийн тогтолцооны жинхэнэ утга, бодит байдлыг ард түмэнд тайлбарлахгүйгээр хуулийг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрчлөх гэж байгааг хэлж байгаа юм.

Намуудын яригдаж буй 48:28 болон 38:38 эсвэл миний дэвшүүлж байгаа 50:26 гэсэн хувилбаруудаас эхний тоо нь мажоритар, дараагийн тоо нь пропорционал суудлын тоог илэрхийлж байна гэсэн үг. Пропорционал тогтолцооны мажоритар тогтолцооноос ялгагдах зүйл нь Монгол улс гэсэн нэг тойрогт нэр дэвшигчид эсвэл намууд саналын төлөө өрсөлдөнө гэж ойлгож болно. Пропорционал тогтолцооны гурван хувилбарыг тус бүрд нь харьцуулсан миний хүснэгтийг танд өгье. Энэ харьцуултыг би тайлбарлахдаа өөрийн дэвшүүлж байгаа продорциональ 26 гишүүнээр жишээ болгоё. Нөгөө 50 гишүүн нь одоогийн хийгддэг мажоритар хувилбараар сонгогдно гэсэн үг.

Нэгдүгээр хувилбарт намууд 26 нэр дэвшигчидийг орон даяр нэгтгэсэн нэг тойрогт сонгуульд дэвшүүлнэ. Сонгогчид сонгож байгаа хүмүүсийнхээ нэрийг дугуйлна. Хамгийн их санал авсан 26 нэр дэвшигч УИХ-ын гишүүн болно гэсэн үг. Энэ тогтолцоогоор сонгууль хийхэд нөхөн сонгууль явуулдаггүй. Харин сонгогдсон гишүүдээс эрүүл мэндийн шалтгаанаас болж ажилаа өгөх, хэрэг түвэгт орооцолдож шоронд орох, бүр ертөнцийн мөнх бусыг үзэх тохиолдолд УИХ-ын гишүүний оронд хэн болох вэ гэдэг анхаарах асуудал.

Хоёрдугаар хувилбарт нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг сонгогчид харж дугуйлахгүй, зөвхөн аль нэгэн намд саналаа өгнө. Харин намын шийдвэр гаргах аль нэг байгууллага нь сонгуулийн дараа санал авсан хувь, харьцаатай тэнцэх тооны гишүүдийг өөрсдийн сонголтоор УИХ-д оруулна гэсэн үг. Нөхөн сонгууль байхгүй. Энэ тохиолдолд аль нэг намын хүн УИХ-ын гишүүний үүргээ биелүүлж чадахгүй боллоо гэхэд тухайн нам нь дараагийн хүнээ өөрсдийн намын шийдвэрээр УИХ-д оруулж ирнэ гэсэн үг.

Нэг хоёрдугаар хувилбарын дагуу сонгууль хийгдэх бол сонгуулийн зардал одоогийн тогтолцооноос илүү гарна. Хэвлэгдэх саналын хуудас нэмэгдэж, тооллогын зардал, ажиллах хүн хүч, цаг хугацаа гээд бүгд л нэмэгдэж таарна.

Гуравдахь хувилбарт нэр дэвшигч байхгүй, намууд 26 хүнийхээ жагсаалтыг тус тус гаргана. Хоёрдахь хувилбараас ялгаатай зүйл нь гэвэл сонгогч аль нэг намыг сонгохгүй. Харин нөгөө мажоритар тогтолцоогоор санал авсан 50 суудлынхаа хувь харьцаагаар пропорционал системийн 26 суудал хувиарлагдана. Тухайлбал мажоритар 50 суудлын 51%-ийг МАН авлаа гэхэд нөгөө 26-гийнхаа 51 хувийг мөн авна гэсэн үг. Энэ хувилбар дээр нөхөн сонгууль бас байхгүй, тухайн нам нь дараагийн хүнээ нөхөж орлуулаад явна гэсэн үг. Мөнгөгүй сонгууль хиие гэж яригдаад байгаа намуудын хувьд энэ бол хамгийн зардал багатай зөв тогтолцоо. Яагаад гэвэл миний дээрх дурьдсан хэвлэл, түгээлт, бүртгэл, тооллого гэх мэт олон зардлууд хэмнэгдэнэ.

- Сонгуулийн хуулийг баталсан байх хуулийн хугацаа дуусахад хоёр сар үлдсэн. Та өөрийн дэвшүүлж буй хувилбарыг цаг хугацааны хувьд ийм орой гаргаж тавьдаг нь ямар учиртай юм бэ? - Яагаад гэвэл би энэ асуудлын шийдвэр гарна гэдэгт найдаж байсан. Түүнээс гадна УИХ-ын гишүүний аюулгүй байдлын талаар их сонирхотой зүйл ажиглагдаж эхэлсэн. Сонгуулийн саналын дүн хоёр намын хувьд маш ойрхон, ердөө л ганц хүнээр зөрүүтэй байлаа гэж төсөөлье. Тэгтэл ялсан намынх нь хоёр хүн ямар нэг байдлаар УИХ-ын гишүүний үүргээ биелүүлэх боломжгүй болоход 27-28 дээр байгаа нэр дэвшигчид автоматаар УИХ-д орж ирнэ. Үүргээ биелүүлэх боломжгүй болсон хоёр хүн ялсан намынх, харин нөхөж орж байгаа хоёр нь ялагдсан намынх байх юм бол засгийн эрх шууд нөгөө намд шилжиж таарах нь. Энэ тохиолдолд нэгэнт эхэлсэн бодлого өөрчлөгдөж, эрх баригч, сөрөг хүчний байр автоматаар солигдоно гэсэн үг.

Тэгэхээр пропорционал системийн доторх хувилбаруудыг сайн ялгалгүйгээр АН зарим нэг гишүүд нэгдүгээр хувилбарыг яриад байгаараа миний дээр дурьдсан “жерримандеринг” хэрэгжүүлж байгаадаа мөн УИХ-ын гишүүдэд ирээдүйд аюул учирвал хариуцлагыг хүлээх ёстой.

- Таны хувьд тэгээд аль хувилбарыг нь дээр гэж үзээд байгаа юм бэ? - Холимог сонгуулийн тогтолцоотой болъё гэж яригдаж эрх тэгш доктор профессор, эмч, багш хэн бүхэнд УИХ-ын гишүүн болох боломж олгоё гэж байгаа бол миний хүснэгтийн гурав дахь хувилбарыг арай дээр гэж бодож байна. АН мажоритар тогтолцоо мөнгө их зарцуулдаг, пропоционал тогтолцоо мөнгө бага зарцуулдаг л гэж ярьж ард түмэнд ойлгуулж байгаа. Тэгвэл 3 дахь хувилбар тэдний хүссэн мөнгөгүй сонгуулийн хувилбар нь гэсэн үг. Мөн миний дээр дурьдсан УИХ-ын гишүүний аюулгүй байдлын асуудал энд хөндөгдөхгүй. 50:26 гэсэн харьцаатай тогтолцоог би өмнөх хэвлэлийн ярилцлагадаа тайлбарласан. Товчхон хэлэхэд одоо байгаа УИХ-ын 26 тойргоос нэг нэг нэр дэвшигчийг орон даяар нэг тойрогт сонгуульд өрсөлдөх нь төлөөллийн хувьд ойлгомжтой бөгөөд зүйтэй гэж үзэж байгаа юм.

- 2012 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвшинэ гэсэн хувийн шийдвэрээ Та гаргажээ. Таныг Орхоноос бус Завхан аймгаас дэвшинэ гэсэн таамаглал сонгууль болгоны үеэр гардаг? - Яаг энэ асуулт надад өмнөх сонгуулиудын үеэр гарч ирж байсан. Би өнөөдөр Монгол улсын иргэний хувьд Орхон аймгаас нэр дэвших шийдвэрээ нийтэд хэлэх нь зүйтэй гэж бодсон юм. Гэм хэрэг хийсэн мэт гэтэж нуугдаж байж байгаад сонгуулийн үеэр гэнэт хэт идэвхижин гарч ирэн ард түмний төлөө юм хийнэ гэж амлах нь буруу гэж би боддог. Харин ч би өөрийнхөө нэр дэвших шийдвэрийг орой гаргаж зарлаж байна гэж бодоод байгаа. 2012 оны сонгууль хүртэл Орхончууд намайг таниж мэдэж, туршин үзэж, хамтран ажиллах боломжийг судлаасай гэж би хүсэж байна.

- Танд ярилцлага өгсөнд баярлалаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zov yum bichsen baina. Yamar yun prportsionali yariad baigaa m bol geed gaikhaad l haraad baidag bailaa
2011-10-31
Wow MUNDAG! Nomiin mor hooson khun tsaana l oor shu
2011-10-31