
“Формула-1” ангиллын автомашины уралдааны дэлхийн долоон удаагийн аварга, Германы 43 настай Михаэль Шумахер энэ улирал дууссаны дараа цаашид уралдаан тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. “Мерседес” багийн нисгэгч пүрэв гаригт телевизийн Би-би-си сувгийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо ингэж хэлсэн байна.
“Би шилдгийн шилдгүүдтэй өрсөлдөж чадах ч, нэг агшинд баяртай гэж хэлэх нь зөв байх болно. Мэргэжлийн ажлаа үргэлжлүүлэхэд шаардлагатай шалтгаан, эрч хүч надад бас байгаа гэдэгтээ би өнгөрсөн сарын турш итгэхгүй явсан юм. 100 хувь бэлэн биш бол, цааш явах гэх нь миний зан биш, харин өнөөдөр мэдэгдэл хийснийхээ дараа би өөрийгөө бага зэрэг чөлөөтэй болсныг мэдэрч байна” гэж 1991 онд эхэлсэн өөрийн ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байсан Шумахер дурджээ. Дараагийн улиралд Шумахерын оронд Британийн Льюис Хэмилтон багт орж ирнэ гэж өнгөрсөн долоо хоногт “Мерседес” багийн удирдлага зарласан билээ.
1991-2006 онд Шумахер 91 уралдаанд түрүүлсэн юм. 1996 онд түүний шилжиж очсон “Феррари” багт тамирчны амжилтын оргил үе тохиосон юм. Спортыг орхино гэдгээ 2006 онд мэдэгдэхийн өмнө 2000-2004 онд тэр тэргүүн байрыг тав дараалан авчээ. Дөрвөн жилийн дараа “Формула-1”-д эргэж ирэхээр шийдэж, “Мерседес” багтай гэрээнд гарын үсэг зурсан юм. Тэр “Формула”-д 21 жилийг өнгөрүүлж, 300 гаруй уралдаанд оролцсон байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ