
Аравдугаар сарын 6-7-нд ОХУ-ын Якутск хотод ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Д.Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн тавдахь удаагийн гранпри олон улсын тэмцээн болж өндөрлөлөө.
55 кг-ийн жинд спортын мастер Б.Номин (“Гацуурт-Олимп” сургууль) Якутын П.Ясамыг 6:0, 3:1, АНУ-ын бөх Ререлли Франкийг 1:0, 1:0, Якутын Ф.Владимирийг 3:1, 3:1, дөрөвдүгээр тойрогт Якутын бөх Александр Корякинийг 3:1, 1:0 оноогоор ялж, алтан медалийн төлөө барилдаанд Беларусийн бөх В.Андреевт 0:3, 0:2 оноогоор дийлджээ.
74 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат (”Хасу-Мегаватт” клуб) Якутын бөх Александр Софроновыг 2:0, 1:0, Дагестаны бөх Гажи Абдуразаковыг 1:0, 1:0, Гүржийн бөх Георгий Марсагишвилийг 0:1, 1:0, 3:0 оноогоор дараалан ялж, мөнгөн медалийн төлөө барилдаанд Хойд Осетийн бөх Зураб Наниевт 1:3, 0:1 онооны харьцаагаар ялагдсан байна. Дагах барилдаанд Туркийн бөх Сердал Каталыг 4:1, 2:0 онооны харьцаагаар ялж хүрэл медаль авчээ.
ОХУ-ын Якут улсын ерөнхийлөгч, тус улсын бөхийн холбооны ерөнхийлөгч Е.Борисов тус тэмцээнд хүндэт зочноор оролцож байгаа МЧБХ-ны хүндэт ерөнхийлөгч, мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна Д.Дагвадоржийг хүлээн авч уулзаж Якут-Монголын чөлөөт бөхийн уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тодорхой арга хэмжээ авах талаар санал бодлоо солилцож, Якут улсад сонирхогчдын сүмо бөхийг дэлгэрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж сүмогийн спортыг танилцуулан сурталчлахад дэмжлэг туслалцаа хүслээ.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ