
Монгол Улсын хүн амын бараг тал нь оршин суудаг Улаанбаатар хотын аюулгүй байдалд үер ус, газар хөдлөлт, хэт хүйтрэлт зэрэг болзошгүй гамшгаас гадна агаар, ус, хөрсний бохирдол, түүнээс улбаалсан өвчин, замын хөдөлгөөний түгжрэл, осол зөрчил зэрэг олон эрсдэл, бэрхшээлтэй асуудлууд тулгарч байна.
Цаашид хотыг зөвхөн энэ давчуу орон зайд нь бус дагуул хотуудын хамт цогцоор нь хөгжүүлж, суурьшлын шинэ бүсүүдийг байгуулах, үүнтэй холбоотойгоор шинээр олон цахилгаан, дулааны станц, цэвэрлэх байгууламж, усан сан, худаг, хурдны зам, цахилгаан галт тэрэгний зам, метро байгуулах хэрэгцээ гарч байна.
Энэхүү симпозиумд 16 орны 70 гаруй судлаач, эрдэмтэд болон оюутнууд хот байгуулалт, төлөвлөлт, барилгын чанар, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй судалгааны ажлаараа илтгэл тавьж, бүтээл туурвилаа танилцуулна. Эдгээр бүтээл, судалгааны ажил нь Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлуудыг зөв тодорхойлох, оновчтой шийдлийг олоход чухал ач холбогдолтой байх болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ