
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат С.Энхтуяа манай сайтад хандлаа. Түүний 20 настай хүүг тус аймагт Цагдан хорих төвийн барилга барьж байсан 22 настай Б гэгч хоригдол сул чөлөөтэй явж байгаад зодож хөнөөсөн байж болзошгүй гэх хэргийн талаар бидэнд мэдээлэл өгсөн юм.
-Уучлаарай, хүү тань золгүй байдлаар хэзээ амь насаа алдсан бэ?
- Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 2012 оны наймдугаар сарын 29-30-нд шилжих шөнө миний 20 настай хүү бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Хүүгийн маань амь үрэгдсэн хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаад Улсын ерөнхий прокурор руу татаж хянахаар авсан байна. Хэрэг явдлын талаар товчхон хэлэхэд тухайн өдөр Сэлэнгэ аймагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих байрны барилга дээр ажиллаж байсан Дархан-Уул аймгийн хорих ангид ял эдлэж байсан 20 гаруй насны хоригдол эрэгтэй сул чөлөөтэй явж байхдаа нутгийн хэсэг бүлэг залуутай нийлж миний хүүг харгисаар зодож гэмтээн амь насанд нь хүрсэн гэж хардаж байна. Үүнийг маш олон хүн гэрчилдэг. Манай гэр бүлийнхэн хэрэг явдлын дараагаар хүүгээ нутаглуулчихаад хэргийн газарт байсан залуустай уулзсан. Тэгэхэд 22 настай Б гэх хоригдлыг энэ хэрэгт холбоотой байж болох маш олон сэжиглэхээр зүйлүүдийг хэлдэг юм.
Гэтэл хэргийг шалгаж эхэлж байхад ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга Т.Батболд Өдрийн сонины 2012 оны есдүгээр сарын 20-ны өдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа “Сэлэнгэ аймгийн Цагдах хорих байрыг барьж байсан хоригдол хууль бусаар хоёр цагийн чөлөөг авч Сэлэнгэ аймгийн төвөөс Шаамар сум руу яваад ирсэн юм билээ. Хоригдол чөлөөгөөр явах хугацаандаа хэдэн залуутай архи уусан байдаг. Гэхдээ хугацаандаа барилга руугаа буцаж очсон. Энэ хугацаанд нэг хүний амь нас хохирсон асуудал гаргасан. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаад нас барсан хүнийг вагоноос чирэгдэж, дүүжлэгдэж нас барсан гэдгийг тогтоосон. Тэр хүний нас барсан хугацаа хоригдлын явж очсон хугацаа 7-8 цагийн зөрүүтэй байгаа юм” гэсэн хариултыг өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл хянагчтайгаа хуйвалдаж сул чөлөөтэй явсан 22 настай Б гэдэг хоригдлыг миний хүүгийн амь нас хохирсон хэрэгт ямар ч холбогдолгүй юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр ярилцлагыг хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн байгаа юм. Миний хүүг осолдсон мэтээр ойлгогдохоор ярьсан. Гэтэл энэ хүн амины хэргийг шалгах ажиллагаа эхлээд удаагүй.
- Т.Батболд даргатай уулзахаар ярилцлагынхаа талаар та бүхэнд юу гэж тайлбар хийх үү?
- Тэрээр “Та нар хэвлэлийнхнийг мэднэ шүү дээ. Цагдаа нас барсан хүнийг осолдсон гэдгийг тогтоосон гэж яриагүй. Сэтгүүлчид зохиогоод бичсэн байна” гэж хэлдэг. Гэтэл энэ ярилцлагыг авсан сэтгүүлчтэй нь уулзахаар Т.Батболд даргын ярьсан зүйлийг нэг бүрчлэн дуу хураагуурт бичиж авснаа бидэнд сонсгосон. Тэгэхээр нь Т.Батболд даргын ярьсан зүйлийг дуу хураагуураас нь авья гэж хэлэхээр нөгөө сэтгүүлч “Манай сонин ШШГЕГ хоёр хоорондоо гэрээтэй ажилладаг учраас энэ баримтаа өгч чадахгүй” гэж хэлсэн. Тэр сэтгүүлч ШШГЕГ-ын албан тушаалтнуудтай хуйвалдаж байна гэж хардахад хүргэж байна.
-Одоо холбогдох хуулийн дээд байгууллагад хандсан уу?
-Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавтай уулзсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга М.Ганхүүтай уулзсан. Хууль зүйн яамны сайдад хандаж гомдол гаргаад байна. Хамгийн гол нь энэ хэрэг үнэн зөв шийдэгдээсэй. Хэн нэгэн хүний хувийн сонирхолтой холбоотой хэрэгтэн битгий ял завшаасай гэдэг үүднээс хохирогчийн хувиар хандаж байна. Ер нь яагаад ял эдлэж байгаа хүн сул чөлөөтэй явж байдаг юм бэ. Үүнд хяналт тавих байгууллага бий шүү дээ. Сэлэнгэ аймагт гарсан хэргийг яагаад УЕП- руу татсан юм бэ. Төмөр замын осол болгох гээд байгаа сонирхол байгаа юм биш үү гэж хардахад хүргээд байна. Сул чөлөөтэй хоригдол явж байна гэдэг асар аюултай шүү дээ. Гэтэл үүнийг нуун дарагдуулах сонирхол Т.Батболд даргад байгаа юм биш үү.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ