Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргад тамгыг нь хүлээлгэн өгөв
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Эрүүл мэндийн хөгжлийн төвд очиж, тус төвийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ч.Бат-Эрдэнэд байгууллагын тамгыг хүлээлгэн өгчээ. Монгол улсын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн шинэчлэн зохион байгуулагдсантай холбоотойгоор хуучнаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар татан буугдаж Эрүүл мэндийн сайдын 2012 оны 320 тоот тушаалын дагуу эрүүл мэндийн ажилтны мэдлэг, мэргэжил, мэргэшил болон ур чадварын хөгжлийг дэмжих, эрүүл мэндийн салбарт шинэ технолог нэвтрүүлэх, шинэ мэдээлэл, мэдлэг үйлдвэрлэх замаар эрүүл мэндийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Эрүүл мэндийн хөгжлийн төвийг байгуулсан юм. Сайд Н.Удвал Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Түргэн тусламжийн үйлчилгээний албаны шүд, дүрс оношлогоо, ерөнхий эмчилгээний нүүдлийн эмнэлгүүдтэй танилцан, тус эмнэлгүүдийг нийслэлийн алслагдсан дүүргийн ард, иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ашиглах талаар чиглэл өгсөн байна. Мөн энэ үеэр нүүдлийн эмнэлгүүдийг бичиг баримтгүй иргэдэд үнэ, төлбөргүй үйлчлэх ажиллагааг зохион явуулах талаар яригджээ. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ