Бонд гаргахыг дэмжлээ

img

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын 2013 оны төсвийн тухайн хууль, Хүний хөгжлийн сангийн  тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудын төслийг хэлэлцжээ. Мөн улс орны эдийн засгийн цаашдын хөгжлийн хандлага, ажлын байрыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалт хийхдээ санхүүгийн ямар механизм хэрэглэхээ ярилцсан байна. Засгийн газрын бонд гаргах асуудлаар Эдийн засгийн хөгжлийн сайд  Н.Батбаярын илтгэлийг сонссон байна. Тиймээс дунд хугацааны бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд шаардлагатай таван тэрбум ам.долларын бонд гаргахыг бүлгийн гишүүд санал нэгтэй дэмжжээ. Энэ хөрөнгийн эхний ээлжийн 1.5 тэрбум ам.долларын бондыг их бүтээн байгуулалтад ашиглах нь зүйтэй гэж үзжээ. Ингэхдээ хувийн секторуудыг дэмжих, экспортыг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулахад голлон анхаарах юм. Өмнө нь гаргаж байсан бондын хяналт сул байсан. Өөрөөр хэлбэл анхны хөрөнгө оруулалтаараа улсыг өрөнд оруулсан түүх бий. Үүнд дүн шинжилгээ хийж хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэхээр болсон гэдгээ УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат онцлов. Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн төслийг ярилцсан байна. Шинэ Засгийн газрын анхны төсөв гэдэг утгаараа сайтар боловсруулсан ч эргэн харах зүйлс их байна гэж үзжээ. Тодруулбал, төсвийн алдагдлыг ДНБ-ний 2 хувиас хэтрүүлэхгүй байж, ирэх оны төсвийн алдагдал 360 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Харин нийт зарлага 7.4 их наяд, нийт тэнцвэржсэн орлого нь 7 их наяд байх аж. Төсвийн төслийг хэлэлцээд бүлгээс ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Ажлын хэсэг ЖДҮ эрхлэгчдэд олгож байгаа зээлийг эргэж харах юм байна. Мөн газрын тосны салбарт татварын хөнгөлөлтийг 10 жил үзүүлсэн. Тус салбараас татвар авдаг болсноор жилдээ төсөвт 10 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжтойг бүлгийн ахлагч тодотголоо. Нийт төсвийн 9 хувийг эзэлж байсан орон нутгийн төсөв ирэх жилээс 20,7 хувь /2.3 дахин өсч байгаа/ болж байгаа. Тиймээс хяналт, хариуцлагын асуудлыг ч ярилцсан байна. 2013 оны төсөвт бэлэн мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзсэн байна. Цалин мөнгөний нэмэгдэлд 100 гаруй тэрбум төгрөгийг төсөвт тусгасан. Цаашид цалин хөлс нэмэх үзэгдлийг зогсооно гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ