
Бидний залууд хөдөө нутагт армиас цэргээс халагдан ирж байгаа цэрэг эрсийн зүс царай сайхан хувирч, бие бялдар нь тэгшрэн задарч, тэнхээ тамир гүйцэж, тэвхийснийг харах гэж үеийн охид битүүхэндээ харж нүд хужирладаг байлаа. Үнэндээ цэргийн гурван жилд эр өсч, эсгий сунадаг байсан сайхан алба байж дээ. Гэтэл одоо цэрэгт татлагаас бүгд л зугтаж, ‘’эр хүн болгож өгдөг’’ энэ ачтай албанаас арын хаалгаар мултардаг болсон. Үүний гор нь мессэж бичиж, хов ярьсан, хавчиг цээжтэй, хат суугаагүй, хоосон толгойтой, үг даахгүй, уяхан туяхан амьтад болсон эргэн тойрон дахь хөвгүүдээ шинжээд нэг үзээрэй.
Харин энэ удаа Батлан хамгаалахын сайдаар томилогдсон Д. Бат-Эрдэнэ саяхан хэсэг сэтгүүлчидтэй уулзахдаа баярламаар мэдээ дуулгалаа. Цэргийн алба хаах хугацаанд эр цэргийг эх оронч сэтгэлийг тархинд нь суулгахын зэрэгцээ мэргэжил олгож , амь амьжиргааг нь дээшлүүлэхэд эрс өөрчлөлт гаргах хөтөлбөр боловсруулж байгаа юм байна. Энэ шинэчлэлийн хүрээнд цэрэг эрс эх орныхоо томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцохдоо эхлээд эрдэмд шамдаж, бүтээн байгуулалтад шаардагдах бүхий л мэргэжил эзэмших юм. Эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу стратегийн томоохон орд газруудад ажиллах, төмөр зам, автозам, орон сууц барих ажилд гар бие оролцох боломж бүрдүүлэх шинэчлэлийн бодлого боловсруулан хэрэгжүүлэхээр Батлан хамгаалах сайдын дэргэд мэргэжлийн баг бүхий ажлын хэсэг ажиллаж буйг сэтгүүлчдэд дуулгалаа. Тэгэхээр энэ удаагийн цэрэг татлага их л онцлогтой болох нь эрдүү дуутай эр хүнээр энэ хорвоо дутдаг шиг эх оронч эрсээр дутаж байгаа өнөөдрийн цаг дор энэ хөтөлбөр хүн бүхний сэтгэлд нийцэх болов уу.
Шинэчлэлийн Засгийн газрын Батлан хамгаалах яам цэргийн албыг залууст мэргэжил эзэмшүүлэн гаргадаг алба болгох зорилтыг ийнхүү дэвшүүлээд байна. Цэргийн албыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй дүйцэхүйц сургалтын алба болгож дайчид халагдахдаа тусгай мэргэжилтэй, хадгаламжтай болоод харих нөхцөл боломжоор хангана гэдгийг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ онцолж байна. Удирдах бүрэлдэхүүнийг ч илүү иргэнлэг болгох ажээ.
Цэргийн албыг эрдмийн алба болгож, зөвхөн цэргийн хэргээс гадна энгийн амьдралд хэрэгтэй олон төрлийн мэргэжил эзэмшүүлэх зорилтыг шинэчлэлийн Засгийн газар ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэн ажиллах юм.Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ энэхүү санаачилгынхаа тухай ярихдаа “Хөдөө орон нутагт Оюутолгой, Тавантолгой гэх мэт томоохон төслүүдэд ажиллах сонирхолтой залуус их байдаг. Тэд цэргийн алба хааснаар нэг сумаар гурван туулай буудах боломжтой. Нэгдүгээрт, цэргийн албаа хаана, хоёрдугаарт, мэргэжилтэй болно, гуравдугаарт ажлын байртай болно. Харин одоо энэхүү санаачилгаа ажил болгоход анхаарлаа хандуулна” гэсэн юм.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ