
Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Колумбын ГХЯ-ны Олон талт асуудал эрхэлсэн дэд сайд хатагтай Патти Лондоньо Херамильо тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагааг хоёр талын төдийгүй НҮБ, Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт (ФЕАЛАК) зэрэг олон улс болон бүс нутгийн механизмын хүрээнд хөгжүүлэх боломжийн талаар ярилцсан байна. Дэд сайд Д.Ганхуяг 2013 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиох гэж буйг онцлон тэмдэглээд соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг түлхүү анхаарах хэрэгтэйг дурджээ. Хатагтай П.Херамильо Монгол, Колумбийн харилцааг хөгжүүлэхэд харилцан айлчлал ихээхэн чухал үүрэг гүйцэтгэхийг онцлоод худалдаа, уул уурхайн салбарт хамтран ажиллах өргөн боломж бий гэдгйиг хэлжээ.
Талууд хоёр орны Гадаад хэргийн яамд хооронд зөвлөлдөх уулзалт хийж байхаар тохиролцож, холбогдох санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Колумбийн Худалдаа, аж үйлдвэр, аялал жуулчлалын яамны худалдаа эрхэлсэн дэд сайд ноён Габриель Дюк Мильденберг ирсэн бөгөөд тэрээр мөн Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл болон Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох газрын албан тушаалтнуудтай танилцах уулзалт хийжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ