Ногоон бүсэд "аюулгүйн тойрог"-ийг монголчууд татдаг

img

“Эггэрс” бааз руу хүрэх 5 гаран км зам Кабулын төвөөр дайрч гардаг аюулын эрсдэл өндөртэй. Учир нь Эггэрс бааз хотын төвд буюу Ерөнхийлөгчийн ордон, элчин сайдын яамд гээд олон чухал барилгуудын дунд онцгой бүсэд байрладаг. Биднийг хүргэх хуягт машины экипаж “Хөх, шар өнгийн Тоёота Королла” маркийн машин халдлага үйлдэж болзошгүй” гэсэн мэдээ дуулгаад хантааз дуулга өмсгөн  авч одов. Түгшүүртэй мэдээ дуулчихсан болохоор замаар зөрөх машин бүр л цэнхэр, шар болж харагдах шиг дотроо өөрийгөө шоолсхийж явлаа. Нөгөө алдарт нөмрөгтэй хүүхнүүд, хүүхдүүд, хэд алхаад л зогсох цагдаа, цэргийнхэн гээд танил бус дүр зураг. Үүнээс өөр зүйлийг хуягтын жижиг цонхноос олж харж чадаагүй. Зам зуур холбогч офицер, ахмад Пичикогоос залуустай маань хамтран ажиллахад ямар байгааг сонирхоход Монгол залуус гайхалтай. Мэргэжлийн өндөр ур чадвар, туршлагатайгаас гадна “универсал цэргүүд”. Яагаад гэвэл бүх зүйлийг тэд хийж чадна. Хаалга эвдэрсэн ч өөрсдөө  засчихна. Харин бид бол захиалга өгч, ажилчид дуудаад хүлээж гарна шүү дээ” гэж нөхөрсгөөр магтсан. Хэд хэдэн хяналт давж Эггэрс баазын хашаанд нэвтэрлээ. Эхний очсон газар бол манайхны амарч, чөлөөт цагаа өнгөрүүлдэг байрлал. Талд байрлах өмнөх хоёр баазыг бодвол өндөр хашаагаар хүрээлэгдсэн болоод ч тэрүү жаахан давчуу санагдав. YI, YII ээлжийнхэн ажлаа хүлээлцээд мэндийн сөхөөгүй шахам. Комиссынхон ч шууд ажилдаа оров. Хамгийн чухал асуудал бол яах аргагүй цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэж, амьдарч буй орчин нөхцөл, аюулгүй байдал. Холбогдох албан тушаалтнууд байдалтай газар дээр нь танилцаж байгаа болохоор аливаа асуудлаар санал солилцож, шийдвэрлэхэд дөхөм байгаа нь илт. Харуулын цэгүүд, амьдарч буй байруудтай танилцсаны дараа ажлын хэсэг баазын удирдлагуудтай уулзалт хийж, санал солилцсон. “Монгол цэргүүд баазыг маань хамгаалдаг болохоор хантааз, дуулга өмсөөгүй ч тайван алхдаг гэж” баазын дарга, дэд хурандаа Woodmansee цэргүүдийг маань магтсан. Ажлын хэсгийн уулзалтууд ар араасаа үргэлжилсэн болохоор уулзалт дундуур сурвалжлага хийх зөвшөөрөл авлаа. Бүх зүйл дүрэм журам, цаг хормоор хэмжигдэж байгаа учраас сэтгүүлч миний ажил ч үүнд “баригдана”. Хамгийн эхэнд таарсан хүмүүс бол шуурхай эргүүлийн бүлгийнхэн. Эд нар баазын доторх орж, харж болох бүх л зүйлийг шалгаж тойрно. Хоёр байрны дундах нарийхан зам, хонгил, ар тал гээд очихгүй газар, шалгахгүй, шагайхгүй зүйлгүй. Ёстой л нэрэндээ таарсан шуурхай хүмүүс “шуурхай” шалгалт хийх нь тэр. Бааз доторх бусад орны цэргийн алба хаагчид аажуу тайвуу алхаж, зарим нь тамирын хувцастай гүйнэ. Нээрээ л баазын даргын  хэлснээр тэдний найдвар нь Монголын энхийг сахиулагчид гэдэг нь аргагүй үнэн юм. Баазыг тойрч багагүй “тэнэсний” эцэст харуулын цэгүүдээр “зочиллоо”. Эхний харуулын цэгт ахлагч М.Баттулга үүрэг гүйцэтгэж байв. Тэрээр 2 хоногийн дараа буцах “хал цэрэг”. БХИС-ийг 2009 онд дүүргэсэн бөгөөд анхны ажиллагаандаа үүрэг гүйцэтгэж байгаа нь энэ. Харих дөхсөн болохоор сэтгэл догдолж байгаа нь илт. Ойр зуурын зүйл ярилцахаас цаашгүй, манайхан элдэв зүйл хэлэх биш. Үүргээ сайн гүйцэтгэж, олон зүйлийг сурч мэдэж байна. Цаашид ийм зорилготой байна гэсэн товчхон үгс л унагана. Дараагийн харуулын цэг ногоон бүсийн гэсэн тодотголтой. Энд ахлагч М.Бадам-Очир үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд дуу цөөнтэй, ярилцах гэж хэрдээ л юм болов. Германы талаас зохион байгуулсан тэмцээнд оролцож хурдан буудлагын III зэрэг авсан гэж хамт явсан салааны захирагч түүний тухай товчхон мэдээлэл өгөв. Харуулын цэгүүдээр тойрсон “аялал” нэг иймэрхүү эхэлж өнөөх 4 дүгээр сард болсон халдлагын үеэр харуулын цэгийг буудсан сумны ором ч тодхон харагдана. Харуулын цэгийн нэгэнд байсан модон шугам ч бас нэгийг бодогдуулсан. Монгол Улс, наадмын дараа намар… гэх зэрэг үг бичсэн жижиг модон шугамнаас эх орноо санагалзах сэтгэл бүр томруулбал эх орноо гэсэн бахархал, эх оронч үзэл, монгол хүний нэр төр хаана, хэзээ, хамгийн их оргилдгийг мэдрэх шиг. Тэдэнд нутгийн гэсэн бүхэн үнэтэй, эрхэм байгаа нь ойлгомжтой. Залуусын маань хувьд нэг ижил зорилго өвөрлөсөн нь хэлний мэдлэгээ дээшлүүлэх. Дараа дараагийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд хэлний мэдлэг өндөр байх нь маш чухал гэдгийг тэд онцолсон. Энд бас нөхөрлөлийн орон зай, үнэ цэнэ оршино. Өөр хоорондоо төдийгүй, гадны цэргийн алба хаагчидтай ч найз нөхөд бололцож андын холбоо тогтдог. Онцлох л зүйл. Батлан хамгаалах салбар шиг гадаад харилцаа нь хөгжсөн салбар байхгүй гэхэд хилсдэхгүй л байх. Цэргийн алба хаагчид нь ч дэлхийн өнцөг булан бүрт нөхөрлөлийн орон зайг бий болгож явна. Танилтай хүн талын чинээ гэдэг дээ.  Бас болоогүй ээ эд маань баазад зохион байгуулагдсан уралдаан тэмцээний түрүүг түүж, гурван алтан цомтой буцаж байгаа. Энэ мэтчилэн хэлмээр, магтмаар, онцолмоор зүйл их, нэрийг нь дурдаж бахархмаар залуус ч олон. Өнөөдөр “хал цэргүүдийн” маань үүрэг гүйцэтгэх сүүлчийн өдөр. Маргааш тэд YII ээлжийн цэргийн багийнханд халаагаа өгнө. УТГА ТӨГӨЛДӨР ЁСЛОЛ Цэргийн багуудын ээлж солилцох ёслол билэгдлээ дагаж Морин цагт эхэллээ. Ээлж хүлээлцэх комисс, Эггэрс баазын удирдлагууд оролцож хүндэтгэл үзүүлэв. Хүндэт зочид олон сайхан магтаалын болон урмын үгсийг чин сэтгэлээсээ хэлсэн. Үүн дундаас баазын дэмжих бүлгийн дарга, хурандаа Холл “Монголын Энхийг сахиулагчдын сургалт бэлтгэл, хариуцлага, сахилга батын талаар хүн бүхэн мэднэ. Ямарваа нэгэн халдлага болоход 99 хувь нь зугатана, харин нэг хувь буюу монгол дайчид л баазаа хамгаалж үлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. 4 дүгээр сарын  халдлагын үеэр ч та бүхэн үүнийг харуулж чадсан” гэсэн үгийг онцолмоор байна. Ээлж солилцох энэ мөч бие биедээ талархсан, урам итгэл, хариуцлага хүлээлцсэн утга агуулга, билэг дэмбэрэл дүүрэн мөчүүд байлаа. Өнөөдөр “шинэ цэргүүд”-ийн үүрэг гүйцэтгэх эхний өдөр … “Шинэ цэргүүд” ч гэж дээ эдний маань дийлэнх нь өмнө нь ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай. Нар дөнгөж мандаж байна. Шөнө тайван хонолоо. Энэ үг ямар их үнэ цэнэтэйг яг энд, яг ийм нөхцөлд л бүрэн утгаар нь ойлгож, мэдэрч чадах байх.  ...Үлдэх, үдэх мөч ойртсоор. Анд нөхдүүд тэврэлдэж, ах нь дүүдээ сургааль хэлж, амжилт, эрүүл энхийг ерөөж байна. Бүр дөрөв дэх ажиллагаанд ээлж хүлээлцэж буй сонин тохиолтой андууд ч тэврэлдэн салж байна.  Баяртай гэж хэлэхгүй ээ. Монголдоо эргээд уулзацгаая. ЦӨӨХҮҮЛЭЭ Ч ИХИЙГ АМЖУУЛНА Өнөөх аюулын харанга дэгдээдэг замаараа эргээд довтолгож явна. Бидний очих газар Каяа бааз тэндээс Манас баазаар дамжаад Монголдоо хүрнэ. Бас л хол зам.  Каяа баазад биднийг нэгэн чухал үйл явдал хүлээж байлаа. Энэ бол Нисдэг тэрэгний техникийн засвар, үйлчилгээний сургалтын IY ээлжийн бүлгийнхний ажлыг хүлээлцүүлэх явдал байв. Тэд “Афганистаны Үндэсний Армийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд “Ми-17” засварын нисдэг тэрэгний их бие, хөдөлгүүр, цахилгаан тусгай тоноглол, радио электрон тоноглол, тэдгээрийн ашиглалт зэрэг мэргэжлээр дунд шатны мэргэжилтэн бэлтгэх дамжааны сургалтыг Америкийн талтай хамтран зохион байгуулдаг. Гарын 10 хуруунд элбэгхэн багтах цомхон бүрэлдэхүүнтэй энэ хамт олон Афганистаны Үндэсний армийн нисэх хүчинд 130 гаруй мэргэжилтэн бэлтгэж өгчээ. Энэ бол том хөрөнгө оруулалт. Тэр бүү хэл тус бүлгийнхэнд Афганистаны цэргийн нисэхийн дунд  сургуульд сургалт явуулах санал тавиад байгаа нь манай нисэхийнхний чадвар, ажлын үр дүнг нь шууд л хэлээд өгнө. Комиссынхон ч энэ өдөр тус нисэхийн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж Америк, Канадын талын удирдлагуудтай уулзаж, санал солилцсон юм. Энэ өдрийн бас нэг онцлох үйл явдал нь цэнхэр дуулгатнууд маань тангарагаа давтаж, медалиа гардсан явдал байлаа. Тангараг давтах ажиллагаа, ёслолын жагсаалыг сонирхож олон гадны цэргийнхэн зочилон зураг дарж байгаа нь бас л содон. Бид харуй бүрийд Манас баазад газардав. Үүрээр нутгийн зүг хүлгийн жолоо зална. Залуус маань цурам хийсэнгүй үүр цайлгаж онгоцондоо суулаа. Аргагүй дээ эх орноо, ээж ааваа, энхрий үрсээ санасан сэтгэл ямар ч нойрыг хулжаах нь тодорхой. Гуравхан цаг нисээд Монголдоо очно. Ахмад Х.ГАНЗУЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

b:
uneheer saihan bichsen bna saihan shu eggres baaz 7 r eelj hurtsen bnshu hurdan yuma goe baaziinha zurgiig taviku zaluuchuudiinha zuragt hamt
2012-10-10
X2:
X ee goe tsubraluud boljee
2012-10-09
Zorigoo:
saihan neg l goe unshaad omogshil torj bna
2012-10-09
bi:
Mongolchuud er zorig, sambaa shaardsan hetsuu ajil garch ireheer shalgaraad eheldeg yum daa. Tegeed deerees ni mongolchuud shig universal hun delhiid baihgui dee. Het universal baih, tseregt bol dajgui l baih. Nariin mergejild bol hetsuu l baidgiin
2012-10-09
Z:
Goy bichjee. Amjilt husie
2012-10-09