
Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл Монголын Залуучуудын холбооны төлөөллийг хүлээн авч уулзжээ.Уулзалтын үеэр Хотын захирагч хэд хэдэн чиглэлээр МЗХ-той хамтран ажиллахаар болжээ.
Тухайлбал, Залуу зохион бүтээгчдийн ордны үйл ажиллагааг дахин сэргээх, орчин үеийн мөсөн гулгуурын талбай байгуулах газрын зөвшөөрөл, цахилгааны асуудал шийдэх, “Залуучуудын хөдөлмөрийн бирж”-ийг Хүүхэд залуучуудын соёлын төвд байгуулах, “Гэрлэх ёслолын ордон”-ы одоогийн үйл ажиллагааг сайжруулах, өргөжүүлэх зорилгоор МЗХ менежментийн гэрээгээр авч ажиллуулах, Залуу мэргэжилтнүүд, боловсон хүчнийг дэмжих зорилготой нийтийн байрны барилгын газрыг шийдэх, Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын бодлого, үйл ажиллагааг МЗХ-д шилжүүлэх зэрэг 14 асуудал багтжээ.
Засаг даргын зүгээс "Та нар энэ бүх асуудал дээрээ ажлын төлөвлөгөө, яаж хийх аргачлалаа нарийвчлан гаргаад ирвэл, дэмжээд ИТХ-д оруулаад асуудлаа шийдэхэд туслана. Харин залуусын оролцоотойгоор Туул, Дунд, Сэлбэ голын дагуу явган болон дугуйтай хүний зам, спорт талбай байгуулах ажилд оюутны болон залуучуудын байгууллагуудыг хамтран ажиллахыг хүсч байна. Энэ ажилд сэтгэл, санаачлага гаргаж, төсөл бичээд ирвэл санхүүгийн асуудлыг шийдэж өгнө." гэдгээ хэлсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ