Йонсейн нүхэн гарц "үргэлжлэлтэй"
Нийслэл хотыг үүсгэн байгуулсаны 370 жилийн ойгоор нийтийн ашиглалтад хүлээлгэн өгч тухайн үед томоохон бүтээн байгуулалтын ажил хэмээн зарлаж байсан Багшийн дээдийн нүхэн гарц өдгөө ийм төрхтэй болж өнгөө хувиргасныг мэдэхгүй хүн ховор. "Хотын зам" ХХК тухайн үедээ 562,6 сая төгрөгөөр энэхүү нүхэн гарцыг барьж улсад өгч байв. Одоо байгаагаас нь харахад осолдохгүй цөмөрчихгүйхэн байгууламж бариад л өнгө үзэмжийг нь халтуурдаад орхисон гэлтэй. Байгууламж нь зүгээр юмаа гэхэд гаднах өнгө үзэмжинд засвар, шинэчлэл хийх сэтгэл "Хотын зам" компанийн удирдлагад алга. Албан нэрээрээ "Йонсейн нүхэн гарц" хэмээгдэх энэ байгууламж ашиглалтад ороод жил ч болоогүй байхдаа тараа таниулж эхэлсэн. Гэтэл өдгөө гурван жилийн нүүр үзэж. Энэ хооронд өнгө үзэмж нь нэвт буудуулсан сарампай лугааа болоод зогсохгүй анх ашиглалтад өгч байхдаа сурталчлаад байсан шигээ үйлчилгээний газар болсонгүй. Хүн удаахан байхад тэсэмгүй шахам үнэр ханхалсан, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоосоо хэзээ мөд ухарч мэдэх эд болжээ. Замын ачаалал өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа энэ мөчид "Йонсейн нүхэн гарц"-ны аюулгүй байдлыг эргэн нэг хардаггүймаа гэхэд дээр дурдсанчлан нийслэлийн төв гэдэг утгаараа өнгө үзэмжинд нь санаа зовж болно доо. Гэтэл "Хотын зам" компани ашиглалтад өгсөн л бол болоо гэсэн шиг одоо Сансарын тунелийн нүхэн гарцыг барих ажлыг гүйцэтгэж буй. Нийслэлийн зүүн дүүргийн замын хөдөлгөөнийг зун, намар, одоо өвөл дамжин гацааж иргэдийн эрх ашгийг үл хайхран гүйцэтгэж буй нүхэн гарцаа тус компани энэ мэтээр ашиглалтад өгөөд л хаях вий дээ. Н.Өрнө










Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ