Тэд амьдралаа босгож байна

img

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Тулга 5” студийн захирал Б.Оргодол “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг битгий өрөвд, зүгээр л тэднийг ойлго” хэмээн ярьж байна. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах дэлхийн чиг баримжаа өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл эвий минь, халаг минь, зүгээр сууж бай, чи ажил хийж чадахгүй, болохгүй гэдгээ больж байгаа юм. Харин үүний оронд чамд ямар боломж байна, чи юу хийж чадах вэ, ямар байдлаар хамтрах вэ? гэсэн гарц  руу анхаарал хандуулж эхэллээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд тулгуурлан сэргээн засах нь хамгийн үр дүнтэй чухал хандлага ч бий. Чухам энэхүү шинэ хандлагын талаар энэ сарын 5, 6-ны өдөр “АЙФО” олон улсын байгууллага эрүүл мэндийн сэдвээр бичдэг сэтгүүлчдэд зориулан сургалт зохион байгуулсан юм. Сургалтад “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн менежер Т.Батдулам, АЙФО байгууллагын менежер Л.Энхбуянт, Сэргээн засалтын үндэсний төвийн багш Ө.Батжаргал болон Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны Монгол дахь төлөөлөгч н.Мөнхсаруул нар оролцлоо. Тус сургалтыг нээж “АЙФО” байгууллагын суурин төлөөлөгч Д.Тулгамаа үг хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ: “Монгол улсад явуулсан “Тэгш дүүрэн” хөтөлбөр нь өдгөө улсын бие даасан хөтөлбөр болтлоо хүмүүст хүрч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тусгай зүйл шаардсан хүмүүс биш. Тэд бусдын л адил ажиллаж амьдарч, хамт олны дунд байх ёстой” гэв. Дээхнэ үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тахир дутуу хэмээн эвгүйгээр нэрлэдэг байсан. Одоо ийм үгийг хэрэглэхээ больсон гэдгийг хөтөлбөрийн менежерүүд онцолж байлаа. Гэхдээ манай зарим сэтгүүлчид тахир дутуу иргэн гэж ярьсаар л байгаа. Нэрлэж буй нэр томьёоноосоо эхлээд анхаарч явах нь шинэ хандлагын нэгдүгээр дүрэм. Хэнд, хэзээ нэгэн цагт хөгжлийн бэрхшээлтэй болох магадлалтай. Таны хайртай хэн нэгэн ч гэсэн ийм бэрхшээлд орж болно. Тиймээс та хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд тулгуурлан хэрхэн сэргээн засах талаар өргөн мэдлэгтэй байх нь зүйн хэрэг юм. Дэлхий нийтийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сэргээн засах гурван арга байдаг ажээ.
  1. Уламжлалт арга: Зайлшгүй байх ёстой арга бөгөөд аж ахуй болон хэрэглээний зан заншилтай илүүтэй холбогдоно.
  2. IPR-анхны тусламж үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг хэлнэ. Эмнэлгийн сэргээн засалт юм.
  3. CPR-хамт олонд түшиглэсэн сэргээн засалт. Хүн өөрөө чадвараа алдчихаад хүнээс сэргээн засалтаа хүсдэг. Энэ ойлголтыг халж хамт олонд түшиглэж засах юм. Өөрөөр хэлбэл тэр хүний амьдралын чанарыг сайжруулна гэсэн үг. “Боловсрол эзэмшиж, эрүүл мэндээ анхаарч, ажил хийж мөнгө олж, гэр бүлдээ ямар нэг үүрэгтэй байж, сексийн асуудлаа шийддэг болох нь сэргээн засалт юм. Мөн тухайн нийт хүмүүс эрх мэдэлжиж, дуу хоолойгоо өргөж, нийгмийн асуудалд оролцох хэрэгтэй. Чухамдаа нийт хүмүүсийг өөрөө өөрийгөө сэргээн засах чадвартай болгоход л гол зорилго оршиж байна” хэмээн АЙФО байгууллагын менежер Л.Энхбуянт сургалтын үеэр хэлэв.
Хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй хүн сэргээн засалтаар өөрийгөө сэргээчихсэн, боловсролтой, хөдөлмөр эрхэлдэг, бусдын адил нийгмийн амьдралд оролцож эхэлвэл түүнийг хөгжлийн бэрхшээлтэйд тооцохгүй байж болно. Учир нь тэр гаднаа бие махбодийн байдлаараа бэрхшээлтэй харагдаж болох ч гэлээ, түүний энэ нөхцөл байдал нь өөрийгөө илэрхийлж, ажил хийж, гэр бүлээ тэжээхэд нь саад болохгүй байгаад л хамгийн гол утга байгаа юм. Тиймээс та өнөөдрөөс эхлэн тэднийг харах хандлагаа өөрчлөөрэй. Хүн ганцхан гараараа л хоол хийж, хувцас угаадаг юм биш. Хөл, тохой, бугалга гээд хөдөлж болох бүх зүйлээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдралаа босгож байна. Тийм ээ, тэд өөрсдөө амьдралаа босгож байна. Б.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ