Хорооны байр гээд орон сууц барьж эхэлжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдаж буй зарим орон сууц, үйлчилгээний барилгатай холбогдсон шийдвэр, түүний хэрэгжилтийн байдалтай танилцсан. Тэрээр хэд хэдэн газраар орсны нэг нь тус дүүргийн I хороонд барьж байгаа дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилчдын орон сууц юм.
Уг орон сууцны зөвшөөрөл, барилгын явцын талаар дүүргийн цагдаагийн хэлтсийн дэд дарга Амгалан “ Бид хэлтсийнхээ 190 албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор энэ орон сууцыг барьж байгаа. 2012 оны хоёрдугаар сард дүүргийн газрын албанаас зөвшөөрөл авсан, Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Оршин суугчдын зөвшөөрөл авч гарын үсэг цуглуулсан.
Бүх юм хуулийн дагуу байгаа гэсэн ч тус хорооны оршин суугчид “Худлаа ярьж барилга барих явдал ихэсч байна. Анх хорооны нэг цэгийн үйлчилгээний хоёр давхар байр барихаар хашаа бариад зураг наасан байсан. Сүүлд нь хажууд нь таван давхар байр бариад эхэлсэн. Одоо 9 давхар байр зураг ч үгүй барьж байгаа. Ойролцоох байшин хоорондын зай 8-11 метр, НМХГ-аас зогсоох шаардлага өгөхөөр хорооныхоо барилгыг барьдаг. Хэд хоноод л дахиад бариад эхэлдэг.
Ер нь бол хүчний байгууллага хүчээр л барьж байгаа. Цагдаагийн ажилтнуудын байр гэж бодоод бид гарын үсгээ зурсан” гэжээ. Харин Засаг дарга “Цагдаагийн албан хаагчын орон сууц гээд гарын үсэг зурдаг буруу. Цагдаагийн албан хаагчдаа бид орон сууцжуулна. Гэхдээ хуулийн дагуу. Бид үүнийг шалгана, үнэхээр хуулийн дагуу зөвшөөрөлтэй юу, үгүй юу гэдгийг. Хороо барина гэдэг зөвшөөрөл орон сууц барих зөвшөөрөл биш. Та нар энд гарын үсэг зурсан байна, энэ бол шийдвэр. Энд барилга барихыг та нар зөвшөөрсөн байна гэсэн үг. Бид шалгаж тодруулаад шийдвэр гаргана гэдгээ хэлсэн байна.
Д.Цэцэг




Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ