Б.Алтангэрэл Британийн парламентад илтгэл тавьлаа

Оролцогчид хэлэлцүүлгийн үеэр цаазын ялын эсрэг үйл ажиллагааны өнөөгийн байдал, НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ төрлийн ялаас түдгэлзэхийг уриалж баталсан тогтоол, Британийн туршлага, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсч санал солилцлоо.
Уг арга хэмжээнд Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл урилгаар оролцон, манай орон цаазын ялын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч цаазын ялыг 2010 оны нэгдүгээр сарын 14-нд түдгэлзүүлсэн, Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын конвенцийн нэмэлт протоколыг УИХ-аар соёрхон батлуулсан, улмаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахаар тууштай ажиллаж буй талаар Элчин сайд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Хэлэлцүүлэгт оролцогчид цаазын ялын эсрэг Монгол Улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшаан бүрэн дэмжиж байгаагаа онцоллоо. Харин Ази, Номхон далайн зарим улс орон цаазын ялыг хэрэглэсээр байгаа, сүүлийн 10 жилийн дотор энэ төрлийн ялаар шийтгэгдсэн иргэдийн тоо бусад бүс нутагт шийтгэгдсэн нийт иргэдийн тооноос давсаар буйг буруушаан, хүний амьд явах үндсэн эрхийг хөсөрдүүлсэн энэ төрлийн ялаас татгалзахыг дэлхий нийтэд уриалж, цаашид хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ