Нийслэлчүүд 48 жилийн дараа дахин гүүртэй болж байна
Яг долоо хоногийн дараа гэхэд нийслэлчүүд бид цоо шинэ гүүрээр зорчино.
Тэртээ 1964 онд Хятадын ард түмний хөрөнгөөр Энхтайваны гүүрийг барьж, ашиглалтад оруулснаас хойш өдгөө 48 жил болжээ. 48 жилийн дараа Японы ард түмний тусламжтайгаар бид нийслэл хотынхоо дундуур сунайх хоёр дахь том гүүрээ “өлгийдөх” гэж байна.
2009 оны зургадугаар сараас Япон улсын санхүүжилтээр “Нарны гүүр”-ийг босгох томоохон бүтээн байгуулалт эхэлсэн билээ. Тэр үед японы JFE компани энэхүү төслийн дуусах хугацааг 2012 оны арваннэгдүгээр сар хэмээн зарлаж байж.
Тэгвэл хугацаанаасаа өмнө буюу ирэх аравдугаар сарын 17-ны өдөр гүүрийг нээж, хөдөлгөөнийг эхлүүлэх аж.
Арлын орныхны бүтээн байгуулалт аргагүй л цаг хугацаатай, яс чанартай байдаг. Нарны гүүр нь 28 гадсан суурьтай, суурь бүрийг газрын гадаргаас доош 12 метрийн гүнд суулгаж цутгасан. Гүүрний дам нурууг дэлхийд хамгийн сүүлийн үеийн технологиудын нэг гулсмал аргаар буюу, тус бүрийг нь 5-8 метрийн урттай, 20 орчим тонн жинтэйгээр цэвэр гангаар хийсэн.
Гүүрний урт нь 262 метр ба өргөн нь дөрвөн эгнээ зорчих 15 метр. Төв зам руу нийлэх хэсэгтэйгээ нийлээд 1445 метрийн хатуу хучилттай зам бий болно. Өдөрт 25-30 мянган машин зорчих судалгаа бүхий энэ гүүр ашиглалтад орсноор Энхтайваны болон Гурвалжингийн гүүрний ачаалал 40 хувиар багасах юм.
Энэ цаг мөчид нүдээ олсон хамгийн ачтай тустай бүтээн байгуулалт бол яах аргагүй энэ гүүр. Яс чанарын хувьд ярилтгүй энэ гүүрийг өчигдөрхөн Улсын комисс хүлээж авсан байна. Одоо гүүрийг нээж, анхны хөдөлгөөнд оролцогчийнх нь нэг болон дурсгалын зургаа татуулах л үлджээ.
Н.Өрнө
















Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ