Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлаар санал солилцов

img

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Б.Мягмарыг хүсэлтийн дагуу хүлээн авч уулзжээ. Уулзалтаар  эрүүл мэндийн салбарын ажилчдын ажлын орчин нөхцөлийг сайжруулах, тэдний нийгмийн баталгааг хангах болон эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлаар санал солилцсон байна. МЭМАҮЭХ-ы дарга Б.Мягмар Эрүүл мэндийн сайдад хандан Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам”-ыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг 2013 оны төсөвт тусган, хэрэгжүүлэхийг хүссэн бөгөөд Эрүүл мэндийн сайд уг асуудлыг дэмжин, анхааран ажиллахаа илэрхийлжээ. Түүнчлэн ЭМЯ, МЭМАҮЭХ хамтран нэн тэргүүнд хүнд хортой нөхцөлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах, эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалыг нэвтрүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудыг вакцинд хамруулах, эмч, сувилагчийн хувцасны стандартыг боловсруулах асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар ярилцсан байна. ЭМЯ, МЭМАҮЭХ дээрх асуудлуудыг тусган 2012 оны IV улиралд хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулан баталж, цаашид нягт хамтран ажиллахаар болжээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ