
НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанд “Гэр хорооллын хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх, эрхийг төсөл сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журам” тогтоолын төслийг Улаанбаатар хотын ерөнхий менежир Ч.Бат танилцуулж хэлэлцүүлсэн байна. Төслөөр нийслэлийн гэр хорооллын хогыг 14 цэгт төвлөрүүлэн тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах эрхийг сонгон шалгаруулалтаар тодруулж санхүүжилтыг нь хийх юм. Тэргүүлэгчид уг төслийг хэлэлцээд тогтоолыг баталжээ.
Мөн “Улаанбаатар хотын захирагчийн тусгайлсан нутаг дэвсгэр дэх ажлын алба” нийслэлийн төсөвт үйлдвэрийн газар байгуулах, Тогтоолын төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцуулсан. Тэрээр "Дүүрэг, хорооны Засаг дарга нар нийслэлийн Засаг даргын бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлээд явчихдаг онцлогтой. Засаг даргын хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт гэр хорооллыг дахин төлөвлөж, дэд бүтцэд холбох байгаа. Энэ ажлыг газар дээр нь зохион байгуулж хэрэгжүүлэх гол бүтэц маань энэ. Тиймээс Улаанбаатар хотын алслагдсан гэр хороололд хотын захирагч ажлын албатай болж байгаа юм” гэжээ. Төслөөр гэр хороооллын хүн амын тоог харгалзан үзэж захирагчийн ажлын албыг зохион байгуулахаар тусгасан байсан боловч, Тэргүүлэгч Д.Бадарсан дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хилийн хэсгийг харгалзан үзэж ажлын албыг байгуулах ёстой гэсэн санал гаргаж санал хураасан байна. Тэргүүлэгчдийн олонх нь уг саналыг дэмжиж хоёр дүүргийн хороодын дундаас бүрдсэн захирагчийн ажлын албыг нэг талд нь багтааж тодорхой дүүргийн нутаг дэвсгэрт багтаж зохион байгуулахаар боллоо. Гэхдээ төслийн “тусгайлсан ажлын алба” гэсэн нэр томъёоог “алслагдсан гэр хороолол дахь ажлын алба” гэж өөрчлөв. Нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт Улаанбатар хотын захирагчийн ажлын алба гурав байхаар болсон. Улаанбаатар хотын алслагдсан гэр хорооллын ажлын албыг иргэдийн хэлж заншсанаар Дэнжийн мянга, Баянхошуу, Толгойт, Хайлааст, Шар хад хэмээн нэрлэжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ