
Халдлагад өртсөн Пакистаны хүний эрхийг хамгаалагч, хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч 14 настай Малала Юсуфзаид АНУ бүхий л шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн байна. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни лхагва гаригт сэтгүүлчдэд ингэж мэдээлэв. АНУ энэ балмад, увайгүй үйлдлийг шийдвэртэй буруушааж байна гэж тэр хэлжээ. Ерөнхийлөгч Барак Обама ч хилэгнэн зэвүүцэж байгаагаа илэрхийлсэн юм гэж Карни мэдэгдсэн байна. Америкийн цэргийнхэн тухайлбал, эмнэлгийн нисэх онгоц гаргаж, охинд шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж Цагаан ордны төлөөлөгч тэмдэглэжээ.
Пакистаны баруун хойд нутагт орогнож байгаа хэт даврагч үзэлт талибууд лалын шашинт энэ оронд нэрд гарсан Юсуфзаи охины амь насанд мягмар гаригт халдсан байна. Энэ эмгэнэлт явдал Сват голын хөндий дэх Мингора хотод болжээ. Террористууд Малала болон түүний нэг ангийнхны сууж явсан автобусыг автомат буугаар буудаж, үүний улмаас хэд хэдэн сум түүний толгойд туссан байна. Түүний биеийн байдал маш хүнд байгаа ажээ. Халдлага үйлдсэн этгээдүүд хэргийн газраас алга болсон байна.
Пакистаны эрх баригчид 14 настай охиныг буудсан этгээдүүдийг баривчилахад туслах мэдээлэл өгсөн хүнийг 105 мянган ам. доллараар шагнах болжээ. Толгойноос нь сум авах мэс засал хийлгэсэн охин одоо Пешавар хотын эмнэлэгт байгаа юм. Талибууд Сват голын хөндийд аж төрдөг түүнийг болон болон бусад хүүхдийг сургуульд сурахыг хориглосон тухай бичсэн Малала Юсуфзаины тэмдэглэлийн дэвтэр өрнөдөд хэвлэгдсэн нэг жилийн өмнөөс Пакитаны энэ 14 настай охины тухай бахархан ярьж эхэлсэн юм. Тэр бас Британийн телевиз-радиогийн “Би-Би-Си” корпорацийн сайтад бас өөрийн гэсэн блогтой болжээ. Охины тэмдэглэлийн дэвтэрт энх тайвныг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсны төлөө Олон улсын хүүхдийн шагнал олгуулахаар тодорхойлсон байна. Хэт даврагчид байнга шахуу сүрдүүлж байдаг ч Малала төрөлх хотдоо аж төрсөөр байжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ