
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өнөөдөр 10.50 цагаас эхэлж, Монгол Улсын Ерөнхий Аудиторыг ажлаас нь чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. А.Зангадыг Монгол Улсын Ерөнхий Аудитороор томилох тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Л.Эрдэнэчимэг гишүүн танилцуулсан. Үүний дараа гишүүд нэр дэвшигчээс асуулт асуув.
Тухайлбал, Ц.Нямдорж “Ч.Раднаа өргөдлөө өгөөд А.Зангадыг оруулж ирлээ гэж ойлголоо. Танилцуулгаас харахад УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангайнх, А.Зангад бас Өвөрхангайнх. Тэгэхээр нэг нутгийн хүнээ нэр дэвшүүлж оруулж ирсэн нь сонирхлын зөрчилтэй юм биш үү. З.Энхболд, А.Зангадыг оруулж ирж байгаа нь болох уу. Хуулиа зөрчөөд байгаа юм биш үү. Би эсэргүүцээд байгаа юм биш л дээ. Эвгүй дээ” гэсэн юм.
Эл асуултад УИХ-ын дарга З.Энхболд “Сонирхлын зөрчлийн хуулиар бол янз бүрээр ойлгож болох. Би Өвөрхангайнх гээд энэ нутгийн хүмүүс хохирч болохгүй. Тиймээс Сонирхлын зөрчлийн тухай хуулиа сайжруулах хэрэгтэй бид. Би Өвөрхангайн гээд манай нутгийн нэг ч хүнийг оруулахгүй байж болохгүй шүү дээ” гэсэн юм. Үүний дараа Н.Батцэрэг гишүүн А.Зангадын намтрыг Төсвийн байнгын хорооныхон буруу танилцууллаа гэсэн бол намтрыг буруу танилцуулсан Төсвийн байнгын хороог алдаагаа засахыг хурал даргалагч санууллаа.
Харин О.Баасанхүү гишүүн нэр дэвшигчээс "Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийг шалгаж өгөх боломж бий юу" гэсэн асуултад А.Зангад "2013 онд Аудит хийх байгууллагын төлөвлөгөө гэж бий. УИХ-аас гарсан шийдвэрийн дагуу ажиллагаа явагдана гэж ойлгож байгаа” гэв.
Тэргүүн шадар сайд Д.Тэрбишдагва “Аудитын шалгалтыг сүүлийн үед харж байхад ерөнхийдөө бичгийн шалгалт хийдэг болсон. Уг нь тоон шалгалт хийх ёстой. Аудитын байгууллагын чанар суларсан. Үүнийг зоригтой өөрчлөх хэрэгтэй. Хариуцлагыг чангатгахад юу хийх вэ. Тодорхой өөрчлөлтүүдийг хэрхэн хийх вэ? гэсэн юм.
Нэр дэвшигч Аудитын байгууллагын үйл ажиллагааг хуулийн дагуу явуулна. Шинэчлэлт өөрчлөлт хийнэ. Зохион байгуулалтын ажил хийнэ гэв. Гишүүд асуулт асууж, хариулт хэлсний дараа Р.Гончигдорж санал хэлэв. Тэрбээр нэр дэвшигчийг УИХ томилно гэдэгт найдаж байна. УИХ-аас өөрийн хяналтын эрх мэдлээ хэрэгжүүлэхэд гол мэргэжлийн байгууллага нь Аудитын байгууллага гэдгийг онцолоод “Энэ утгаараа УИХ-ын захиалгыг хэрэгжүүлэх байгууллага. Алдаж болохгүй. Анх энэ байгууллага байгуулагдсан үеэс хэлсэн үгээ давтаж хэлж байна. Чадварлаг Аудитор ажиллах ёстой” гэв.
Түүнчлэн С.Эрдэнэ гишүүн "А.Зангадын хувьд төрийн ажлын туршлагатай. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий Аудиторын газарт ажиллаж байсан хүмүүс ихэнх нь Булган аймгийнх байсан шүү. Булган аймгийн Засаг даргын Тамгын газар шиг болчихсон. Үүнийг өөрчлөөрэй. Сонирхлын зөрчил харагдаж байна шүү. Ц.Нямдорж гишүүн сая хэлсэн. Аудитын байгууллага шалгасан шиг шалгаарай. Түүнээс биш илээд өнгөрдөг байж болохгүй. Чиг үүргээ гүйцэтгэх ажлаа сайжруулаарай. Танил талынхаа хүрээнд асуудлыг шийддэг. Аль нэг улс төрийн намын захиалгаар асуудлыг шийддэг байж болохгүй. Анхаараарай. Ц.Нямдорж сайд гэхэд л Хууль зүйн яамыг Увсынх болгосон шүү" гэж хэлсэн юм.
Үүний хариуд Ц.Нямдорж хэлэхдээ "С.Эрдэнэ Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байхдаа 248 орон тоо бий болгосон байдаг.
Бүр ээжийнхээ байгууллагад хууль бусаар мөнгө шилжүүлсэн тохиодол ч бий. С.Эрдэнийн тухай ярьвал олон юм бий. Чамайг би тоож ярихгүй" гэв. Ингээд Монгол Улсын Ерөнхий Аудитороор А.Зангадыг нэр дэвшүүлснийг дэмжье гэсэн санал хураалтад нийт гишүүдийн 83 хувь нь дэмжиж, томилогдсон юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ