
Чуулганы нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцсэн асуудал “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” тогтоолын төсөл байв.
Хуралдаанд хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулсан. Үүний дараа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулав. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Засгийн газар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд монополь үүсгэж байгаа юм биш үү гэж асуусан. Харин Хууль санаачлагч С.Эрдэнэ сайд ”Нийгмийн даатгал ажил олгогч, даатгуулагчаас бүрддэг. Хуваарилалтын зарчмаар явж буй. Төрийн сангаас тэтгэврийн мөнгийг олгодог. Хүрэлцэхгүй бол төрөөс татаас авч байгаа. Төрөөс эрүүл мэндийн болон бусад даатгалыг олгодог. Анх 2002 онд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Төрийн санд байршуулсан. Нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгож баталсан. Нийгмийн даатгалын багц хуулийг өөрчлөх шинэчлэх шаардлага бий. Хүн амын хөгжлийн яамнаас тодорхой хуулийн төслийг боловсруулна” гэв.
Үүний дараа Ц.Нямдорж гишүүн “С.Эрдэнэ сайд чи газар дээр буугаад ажлаа хий. Бүрэлдэхүүнийхээ хүнийг зөв оруулж ирээд том том ярь. С.Ганбаатарыг оруулж ирж болохгүй. Үндсэн хууль зөрчигдөнө. Бүрэлдэхүүнд гурван сайд орж яах вэ. Дэд сайдууд орж болохгүй юм уу” гэж асуулаа. УИХ-ын дарга Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгийг Үйлдвэрчний эвлэлийн даргаар С.Ганбаатар ажиллаж буй эсэхийг тодруулж өгөхийг хурал даргалагч хүссэн юм. Үүнд “Үндэсний зөвлөлийн гишүүнд 18 хүний материал ирсэн. Ирэх долоо хоногт хэлэлцэнэ” гээд С.Ганбаатарын гишүүний тухай асуултад хариулж чадалгүй нэлээд түгдэрч “Ерөнхийдөө хариулт давтагдах гээд байна л даа. Ерөнхийдөө УИХ-ын дарга хэлсэн л дээ” гэхчлэн гишүүдийн толгойг эргүүлэв. Хуралдаан үргэлжилж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ