
Нийслэлийн прокурорын газар 300 гаруй хэрэгт хяналт тавьж буйгийн дотор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн төслийн хүрээнд зарим албан тушаалтан мөнгө завшсан хэрэг багтжээ. Мянганы сорилтын сангаас дээрх төсөлд зориулан 47,5 сая ам. доллар зарцуулжээ. Зарим дүүргийн гэр хорооллын амьдралын төвшин доогуур, ядуу өрхүүдэд гэрийн дулаалга, дээвэр, туурга өгөх нэрийдлээр “Сэлбэ дулаан” ХХК банкаар дамжуулан төслийн мөнгөнөөс их хэмжээгээр луйвардсан явдал илэрсэн ажээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригтой холбогдох 66 сая төгрөгийн хэргийг Нийслэлийн прокурорын газрын орлогч С.Сагсай хэвлэл мэдээллийнхэнд “Цэвэр агаар” сангийн нэрээр ярилцлагадаа дурдсан нь нийтэд нэр томъёоны хувьд ташаа ойлголт төрүүлж буйг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас тайлбарласан юм.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн гэрийн дулаалга олгох ажил нь Мянганы сорилтын сангаас Монголд хэрэгжүүлж байгаа “Цэвэр агаар” төслийн нэгээхэн хэсэг юм байна. Харин “Цэвэр агаар” сан гэдэг нь Засгийн газрын тусгай сангийн байгууллага ажээ. Хоёулаа Улаанбаатарын утааг багасгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ч хоёр өөр байгууллагын харъяанд ажилладаг байна.
Д.Дүүриймаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ