“Ногоон хөгжил: үзэл баримтлал, бодлого, арга хэмжээ” сэдэвт сургалт семинар

img

Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас “Ногоон хөгжил: үзэл баримтлал, бодлого, арга хэмжээ” сэдэвт сургалт семинарыг ГХЯ-ны хурлын танхимд 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулах гэж байна. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Монгол улсын хөгжлийн нэг чухал тэргүүлэх чиглэл нь ногоон хөгжлийн үзэл баримтлал байх болно гэдгийг тодорхойлсон. Хөгжлийн энэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг байгуулж, үндсэн чиг үүргийн яам болгосон билээ. Иймд тус яам ногоон хөгжлийн үзэл баримтлал, бодлого, стратегиэ оновчтой томьёолж, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, үйл ажиллагаагаа тодорхойлохоор ажиллаж байна. Иймд ногоон хөгжлийн үзэл баримтлал  олон улсын түвшинд хэрхэн хэрэгжиж, НҮБ-ын системийн байгууллагууд энэ чиглэлээр ямар арга хэмжээг хэрэгжүүлж байгааг судлах явдал нэн чухал юм. Түүнчлэн ногоон хөгжлийн үзэл баримтлалыг төрийн бодлогын түвшинд тавьж амжилттай хэрэгжүүлж байгаа улс орнуудын туршлагыг судлах явдал нэн ач холбогдолтой. Энэ удаагийн сургалт-семинарын зорилго нь БОНХЯ-ны болон холбогдох бусад  яам, газрын  ажилтнуудад ногоон хөгжлийн үзэл баримтлал, зарчим, бодлого арга хэмжээний талаар нэгдсэн, цэгцтэй ойлголт, мэдлэг олгох явдал юм. Байгаль орчныг хамгаалах, менежментийг сайжруулах, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлыг БОНХЯ ерөнхийд нь хариуцан хэрэгжүүлэх боловч, салбаруудын түвшинд хэрэгжүүлэхэд холбогдох, яам газар чухал үүрэгтэй. Иймд энэ удаагийн сургалт семинарт холбогдох яам газрын байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан ажилтнуудыг урин оролцуулж байна. Семинар дээр НҮБ-ын системийн олон улсын байгууллагагуудаас энэ асуудлаар баримталж байгаа бодлого, авч хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний тухай болон БНСУ-д ногоон өсөлтийн үзэл баримтлалыг хэрхэн хэрэгжүүлж байгаа арга, туршлагын тухай илтгэлүүдийг сонсож, эдгээр байгууллагуудтай цаашид хамтарч ажиллах талаар санал солилцохоор төлөвлөж байна.

                          Байгаль орчин, ногоон хөгжлийн яам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ