Ангарагийн хөрсний эхний дээж НАСА-гийн эрдэмтдийн хувьд том бэлэг болов

img

Ангарагаар явагч  “Кьюриосити” аппарат Улаан нүдэн гарагийн хөрсний эхний дээжийг авчээ. Ингэхдээ уг аппарат роботжуулсан “гар”,  лазер болон “КемКам” гэдэг спектрокоп хэрэглэсэн юм гэж америкийн Калифорни муж улсын Пасадина хот дахь Тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн инженерүүд пүрэв гаригт ингэж мэдээлжээ. “Кьюриосити” аппарат  хөлбөмбөгийн бөмбөгний дайтай нэлээд том чулууг авсан байна. Ингэснийхээ дараа багаахан хөрсийг буудаж, хайлуулан,  лазер болон химийн спектроскопын тусламжтайгаар  дээж авчээ. “Химийн найрлага нь бидний хувьд асар том бэлэг боллоо. Бид огт өөр найрлагатай байх болов уу гэж таамаглаж байсан, гэтэл энэ чулуу нь натри, кали зэрэг  шүлтлэг металл ихтэй,  найрлага нь зарим минералын хольцыг санагдуулж  байгаагаас гадна,  цайр, хлор, бром ихтэй байна” гэж Тийрэлтэт хөдөлгүүрийн  лабораторийн ажилтнууд хэлжээ. “Одоогоор бид энэ нь хичнээн настайг хэлэхэд хэцүү байна, гэхдээ  чулуу нь Гавайин арлаас олж  болох галт  уулын хөрсний ховор төрлийг санагдуулж байгаа юм.  Хэзээ нэгэн цагт ус байсан байж болох газруудад өндөр даралтын нөхцөлд үүссэн байх гэж урьдчилан хэлж болохоор байна” гэж  эрдэмтэн Эдвард Соллер дурджээ. Лабораторын 24 мэргэжилтэн аппаратыг зайнаас удирдаж байгаа ажээ. “Хөдөлгөөн бүрийн шат бүрт маш нарийн өөр өөр программ хэрэглэж,  асар их анхаарал төвлөрүүлэхийг шаардаж  байгаа юм” гэж НАСА-гийн лабораторийн ажилтан Брайн Купер тэмдэглэсэн байна. Тус лабораторийн  төлөөлөгчдийн хэлснээр, программчдын багийнхан компьютерын кодуудыг 24 цагийн турш ажиллуулж байгаа ажээ. “Кьюриосити” Ангарагийн нэг жилийн турш (дэлхийн 687 өдөр) Гейлийн царыг шинжлэн судлах юм. Ангарагаар явагч аппарат нь 2,8 метр урт бөгөөд 900 кг жинтэй гэнэ.  Уг аппарат түрүүнд нь Улаан нүдэн гарагийн гадаргууд  буулгасан  НАСА-гийн бусад ямар ч аппаратаас хоёр дахин урт, тав гаруй дахин хүнд ажээ. 50 см-ийн диаметр бүхий гурван хос дугуйтай бөгөөд  дугуй бүр нь хүчний тусдаа төхөөргөөр хөдөлдөг байна.  Аппаратын урд болон хойд  нум нь тусгай эргэх механизмаар тоноглогджээ. Аппарат 75 см-ийн өндөр саадыг давж, байран дээрээ бүтэн 360 градус эргэж чаддаг байна. Л.Золбоо  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ