
НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2008 онд жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаа хөдөр” хэмээн тунхаглан тэмдэглэх болсноор эдүгээ 5 жил болж байна.Энэ жилийн Дэлхийн Гар Угаах Өдөр ”Олон олон хүүхдэд 5 насных нь төрсөн өдрийг тэмдэглэхэд тусалцгаая” уриан дор болно. 2012 оны хувьд дэлхийн 100 гаруй оронд, 200 сая хүн, 1 сая сургууль дээр энэ өдрийг тэмдэглэх бөгөөд жил ирэх бүр энэ тоо өссөөр байна.
“Дэлхийн гар угаах өдөр” бол хүмүүсийг гараа савандаж угаахыг хөхүүлэн дэмжиж, сурталчлах, ач холбогдлыг нь ойлгуулах, энэ үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгдсэн компанит ажлыг зохион явуулдаг тэмдэглэлт өдөр юм.
Энэ өдрийн гол зорилго нь гараа савандаж угаах нь өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэгдэнэ.
Дэлхийн гар угаах өдрийг 2008 онд дэлхий даяараа тэмдэглэх болсон анхны жилээс Монгол оронд тэмдэглэж, гараа савандаж угаахын чухлыг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулсаар ирлээ.
2011 оноос ус,ариун цэвэр, эрүүл ахуйн чиглэлд ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөрүүд,олон улсын байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэн “Дэлхийн гар угаах өдөр”-ийг тэмдэглэж байна.Бидний ажлын зорилго нь төр, олон нийт, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлснээр гараа савандаж угаахыг улс орон даяар олон түмэнд сурталчлах, энэ нь эрүүл мэндээ хамгаалахад шинжлэх ухааны үндэслэлтэй, хосгүй үр нөлөөтэй, өртөг зардал багатай арга болохыг харуулах явдал юм.
“Дэлхийн гар угаах өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал Сэргээн засалтын Үндэсний төвд боллоо. Хэвлэлийн хуралд Нийгмийн эрүүл мэндийн Хүрээлэнгийн Үндэсний төвийн Эрүүл ахуй, хүний экологийн Төвийн захирал, доктор М,Сайжаа, Эй Си Эф Монгол байгууллагын Эрүүл мэнд, орчны сургалт, сурталчилгааны менежер П,Ариунаа, Нийслэлийн Эрүүл мэндийн Газрын халдварт өвчний танадалт зохицуулалтын албаны дарга Б.Оюунчимэг, Нийслэлийн Боловсролын газрын Эрүүл мэнд орчны стандарт хариуцсан мэргэжилтэн Ч.Алтантогосхон, МУЗН-ийн Ус,эрүүл ахуйн төслийн удирдагч Ц.Мядагмаа нар оролцож дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
“Дэлхийн гар угаах өдөр”-ийн хүрээнд бүх шатны сургууль, эмнэлгийн байгууллагуудад ухуулга сурталчилгааны аян зохион байгуулж, олон нийтэд зориулсан нэгдсэн арга хэмжээг 2012 оны аравдугаар сарын 14-ний өдөр Эрх чөлөөний талбай дээр зохион байгуулахаар боллоо. Өдөрлөгийн үеэр мэдээллийн цэгүүд ажиллаж, ухуулга сурталчилгааны материал тарааж, саван түгээлт хийхийн зэрэгцээ флашмоб бүжиг, үзүүлэх тоглолтууд болно.
Жил бүр 3,5 саяас хол давсан хүүхэд 5 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж чадалгүй амь насаа алдаж байгаа бөгөөд тэдний эндэгдлийн шалтгаан нь амьсгалын замын ба гэдэсний халдварт өвчин болж байна. Гараа савандаж угааж хэвшсэнээр уушгины хатгааг 45 хувь, суулгалт өвчнийг 50 хувь бууруулах боломжтой[1]. Мөн сүүлийн үеийн судалгаагаар гар угаахыг сурталчлах нь хүүхдийн өсөлт, хөгжилтөнд сайтар нөлөө үзүүлж байгааг харуулжээ[2].
Гэдэсний халдварт өвчин нь
уснаас хамааралтай гэгддэг боловч илүү нарийвчлан авч үзвэл өтгөн ялгадсаас дамжин халдварлаж байдаг тул энэ нь
өтгөн ялгадаснаас хамааралтай өвчин юм. Өтгөн ялгадсан дахь өвчин үүсгэгчид бохир гараар дамжин хоолтой цуг аманд орох, ундны усыг халдварлуулах, угаагаагүй түүхий хоол хүнс, халбага сэрээ, гэр ахуйн хэрэгсэл, хувцас хунараар дамжин хүний биед орж өвчлүүлдэг. Харин гараа савандаж угааснаар энэ замыг хааж өгнө.
Хэдийгээр хүмүүс гараа угаадаг боловч бие зассаны дараа, хоол идэхийн өмнө зэрэг зайлшгүй шаардлагатай үед цөөхөн хувь нь л гараа савангаар угаадаг. Тэгвэл бие зассаны дараа, хоол идэхийн өмнө, хүүхдээ хуурайлсны дараа гараа савандаж угаах үйлдлийг өөрийн төрөлхийн рефлекс, зуршил болтол нь хэвшүүлж чадвал ямар ч вакцинаас илүүтэйгээр халдварт өвчнөөс сэргийлэх болно. Бид гараа савандаж угаах хэвшилийг олон хүнд бий болгосноор 2015 он гэхэд 5 хүртэлх насны хүүхдийн үхэл эндэгдлийг гуравны хоёроор багасгана гэсэн Мянганы Хөгжлийн Зорилтод хүрэхэд асар их хувь нэмрийг оруулж чадна.
Та хаана ч, хэзээ ч амьдралынхаа турш “өөрөө өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хийж чадах” зүйл бол гараа савандаж угаах юм. Мөн түүнчлэн дэлхийн айл өрх бүр савантай байх, усыг гамтай ашиглан үр нөлөөтэйгээр гараа угаах хэрэгтэй.
Та “гар угаах” гэдгийг бага насны хүүхэд, сургууль цэцэрлэгийн хүрээний асуудал гэж үзээд тоомжиргүй хандаж байсан уу? Тэгвэл та доорх 2 асуултанд хариулаад үзээрэй.
- Бие зассаны дараа, хүүхдээ хуурайлсны дараа, хоол бэлтгэх болон хоол идэхийн өмнө зэрэг зайлшгүй шаардлагатай үед гараа савангаар угаадаг уу?
- Албан байгууллага,сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газарт бие зассаны дараа гараа савангаар угаах боломж байдаг уу?
Та өөрийнхөө эрүүл мэндийн төлөө ажиллаж амьдарч байгаа газартаа гараа савандаж угаах нөхцөлийг бүрдүүлж , эрсдэлтэй үед гараа савандаж угаадаг хэвшилтэй болж, үр хүүхэддээ үлгэр дууриал үзүүлээрэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ