
Монгол Улсаас Бруней Даруссалам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа энэ сарын 4-нд Брунейн Цог жавхлант Султан Хажи Хассанал Болкиахт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Энэ үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа болон Цог жавхлант Султан Хажи Хассанал Болкиах нар Монгол, Брунейн хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглээд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Мөн Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Султан Хажи Хассанал Болкиах-т болон Брунейн ард түмэнд уламжлахын сацуу түүнийг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урив.
Түүнчлэн Элчин сайд Б.Дэлгэрмаа Брунейн Хөгжлийн сайд болон Гадаад хэрэг, худалдааны яамны Улстөрийн нэгдүгээр газрын дарга, Худалдааны газрын дарга нартай уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар санал солилцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ