Байнгын төлөөлөгч О.Оч Ерөнхий ассамблейн чуулганд үг хэллээ
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы 6 дугаар хорооны нэгдсэн хуралдаанд хууль дээдлэх ёс, хуулийн засаглалын асуудлаар Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулж, үг хэлэв. Нью-Йорк хотноо 9 дүгээр сарын 24-ний өдөр болсон Хуулийн засаглалын асуудлаарх өндөр хэмжээний хуралдаан нь хуулийн засаглалыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглээд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас дэвшүүлсэн хууль дээдлэх ёсны асуудлаарх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах санаачилгыг Монгол Улс сайшаан дэмжиж байгааг нотлов. Сайн засаглал, ардчилал, хүний эрхийг дээдлэх эрхэм зорилтын хүрээнд манай улс “Хүний эрх, ардчилсан засаглалыг бэхжүүлж, авлигатай тэмцэх” тухай Мянганы хөгжлийн зорилтын 9 дэх зорилтыг 2005 онд баталсаныг дурдав. Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүний хувьд өнөөдрийн байдлаар 240 гаруй олон улсын гэрээ, конвенцид нэгдэн ороод байгаа бөгөөд “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протокол”-ыг соёрхон баталсаныг мэдээлэв. Түүнчлэн авлигатай тэмцэх, сайн засаглалыг бэхжүүлэх болон төрийн албаны шинэтгэл, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ