
МХЕГ-аас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг, сувиллын байгууллагуудад есдүгээр сарын 12-20-ны өдрүүдэд шалгалт хийсэн байна.
Энэ талаар МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболдоос тодрууллаа.
-Шалгалтанд хичнээн байгууллага хамрагдсан бэ?
-Шалгалтанд нийслэл, 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй 1140 эрүүл мэндийн байгууллага хамрагдсанаас улсын 152, хувийн хэвшлийн 988 эмнэлэг, сувилал үүнд үүдэн эмнэлэг 607, ортой эмнэлэг 136, сувилал 86, өрхийн эрүүл мэндийн төв 169, лаборатори 16 байна.
-Шалгалтаар илэрсэн зөрчлүүдээс дурьдвал?
-Ерөнхийдөө шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлуудыг базаад үзвэл, нэгдүгээрт тусгай зөвшөөрөл олгож буй төрийн захиргааны байгууллагууд, хоёрдугаарт үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүд, гуравдугаарт эмч, эмнэлгийн ажилчид өөрсдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.
Жишээ нь, шалгалтад хамрагдсан эмнэлэг, сувиллуудад 83 их эмч, сувилагчийн эмчлэх, сувилах эрхийн, 49 эмнэлэг, сувилалын үйл ажиллагааа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, 18 байгуулага, иргэн эрүүл мэндийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн, 12 эмнэлэг, сувилал тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааны чиглэлээс хэтрүүлэн үйл ажиллагааа эрхэлсэн, 23 газар тусгай зөвшөөрлөөр олгосон хаяг, байршлаас өөр газар үйл ажиллагаа явуулсан, 29 эмнэлэг сувилал тусгай зөвшөөрлөөр авсан үйл ажиллагаагаа эрхлээгүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй 2 байгууллагад зөвшөөрөл олгосон байна.
-Зөрчилтэй байгууллагуудад ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 55 аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага гаргаж хугацаатай үүрэг өгч, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан газруудын үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчлэн зогсоох тухай улсын байцаагчийн 82 акт өгсөн байгаа.
Нийт 26 байгууллага, 41 албан тушаалтанд 43 068 600 төгрөгний торгууль ногдуулж, хууль бус олсон орлого болох 6 645 000 төгрөгийг улсын орлого болгосон.
Тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 18 эмнэлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоох актыг хуулийн байгууллагуудад шилжүүлэх шийдвэрийг гаргаад байна.
Түүнчлэн хүүхдийн клиник сувиллын асуудлаар яамдуудын хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах талаар ЭМЯ, БШУЯ-нд асуудлуудыг хүргүүлээд байна.
www.emch.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ