Эмнэлгийн хөлд чирэгдсэн иргэд бие махбодийн хувьд өвдөхөөс илүүтэй сэтгэл санаагаар шаналдаг. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд эрүүл мэндийн нийгмийн даатгалын цоо шинэ тогтолцоонд шилжсэн. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалд хүн амын дийлэнх хэсэг хамрагдаж, 2011 онд гэхэд 98,6 хувьд хүрчээ. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль 1993 онд батлагдсанаас хойш есөн удаа нэмэлт өөрчлөлт оруулж, нэгэнтээ шинэчлэн найруулсан байна. Гэхдээ даатгуулагчийн эрхийг хамгаалж, тэдэнд хэрэгцээтэй бөгөөд чанартай үйлчилгээ худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, талуудын чиг үүргийг тодорхой ялган зааглах, даатгалын тогтолцооны тулгамдсан бэрхшээлүүдийг арилгахад дорвитой өөрчлөлт оруулж чадсангүй.
Иймээс даатгуулагчийн эрхийг дээдэлдэг, орлого бүрдүүлэгч иргэддээ үйлчилдэг, тэдэнд ажлаа тайлагнадаг болох нь чухал байна. Юуны өмнө даатгуулагчийн эрх, үүргийг тодорхой хуульчилж, чанартай, аюулгүй, хүртээмжтэй тусламж үйлчилгээ авдаг, санал гомдлоо чөлөөтэй гаргадаг, шаардлагатай мэдээллээр хангагддаг байх учиртай.
Ер нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ давамгайлж ирсэн ч өвчтөнийг санхүүгийн эрсдэлээс төдийлөн хамгаалж чаддаггүйгээс нэмэлт төлбөр төлдөг. Цаашид даатгалд хамрагдах үйлчилгээний нэр төрлийг даатгуулагчийн эрүүл мэндийн хэрэгцээтэй уялдуулан өргөжүүлж, даатгалын зардлын хамрах хүрээг өргөтгөх нь иргэдэд тустай юм. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн даатгалын нэр хүндэд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний чанар, үр дүн, аюулгүй байдал нөлөөлсөөр байна. Даатгалын санхүүжилтийг үйлчилгээний чанартай уялдуулах хууль эрх зүйн үндэс байгаа ч төдийлөн оновчтой бус, тодорхой бодлогогүй, салбар хоорондын холбоо сул, даатгалын байгууллагын орон тоо, эрх мэдэл, арга зүйн чадамж сул буйгаас хэрэгжиж чадсангүй.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн нэрийн өмнөөс тусламж үйлчилгээг худалдан авах үүрэгтэй учраас чанарт нь ч хяналт зайлшгүй тавих хэрэгтэй. Иймээс эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгой анхаарч, даатгалын байгууллагын чадавхийг дээшлүүлэхээс гадна Засгийн газрын болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран нэгдсэн зохицуулалт, хүчин чармайлт тавих нь шинэчлэлийн зорилгод нийцнэ. Амьжиргааны төвшингөөс доогуур орлоготой болон гадаадын иргэдийг даатгалд хамруулах асуудлыг шинээр томъёолох цаг болжээ.
Улсын төсвөөс хэт олон даатгуулагчийн шимтгэлийг хариуцаж буйгаас Засгийн газраас шимтгэлийн хэмжээг маш бага тогтоодог. Одоогоор сард 670 (1999-2007 онд 500) төгрөг, жилд 8040 төгрөг байгаа нь 2011 онд төрөөс шимтгэлийг нь хариуцдаг иргэдийн шимтгэлийн орлого даатгалын сангийн нийт орлогын 12 хувийг бүрдүүлжээ. ыХарин тэдний тусламж үйлчилгээний зардалд даатгалын сангийн 60 хувийг зарцуулжээ. Гэтэл албан секторт ажиллаж байгаа даатгуулагч ба ажил олгогч сард дунджаар найман мянга, жилд 96 мянган төрөг төлж байна. Энэ мэтээр даатгуулагчдын даатгалын санд оруулах хувь нэмэр ихээхэн ялгаатай байгаа нь тэдний тэгш биш, шударга бус байдлыг бий болгож байна. Иймээс зөвхөн орлого багатай ядуу иргэд, хүүхдүүдийн шимтгэлийг төрөөс хариуцан энэ зорилтот бүлэгт төсвийн татаасыг чиглүүлэх, шимтгэлийн хэмжээг оновчтой болгон нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Эрүүл мэндийн даатгалын сан нь Засгийн газрын үйл ажиллагаанд шууд зарцуулах татварын орлого бус, харин даатгуулагчийн эрүүл мэндээс шалтгаалсан эрсдэлээс хамгаалах зорилготой хамтын мөнгөн хөрөнгө юм. Иймээс сангийн удирдлага, менежментийн үндсэн үүрэг нь шимтгэл цуглуулж, хөрөнгө төвлөрүүлэхээс гадна төвлөрүүлсэн хөрөнгөөр даатгуулагчдад чанартай, хүртээмжтэй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авахад оршино. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт хяналт тавих замаар худалдан авах чадавхийг хангалттай идэвхтэй бүрдүүлж чадаагүй байна.
Энэ бүхнийг харгалзан үзээд эрхэм гишүүн О.Баасанхүү, Х.Болорчулуун, Ж.Батсуурь нарын есөн гишүүн иргэдийг даатгалд бүрэн хамруулж, тэдэнд даатгалаас төлөх зардлын хэмжээг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний зардлын хөлд чирэгдэн ядууралд өртөхгүй байх, аль болох чанартай үйлчилгээ авахын тулд эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээг тогтоох, шимтгэл төлөх, сан бүрдүүлэх, даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээг худалдан авах болон даатгалын байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг шинэ шатанд гаргахын тулд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-д өргөн барьжээ.
Д.Дүүриймаа