
Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Нийслэлийн шүүх, Жайка Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хууль Зүйн үндэсний хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал”-ыг сурталчлан таниулах өдөрлөг өнгөрсөн бямба гаригт болж өндөрлөлөө.
Өдөрлөгийг нээж Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Японы элчин сайдын дэд тэргүүн Хаяаши Шиничиро, Япон улсын Чуюкогийн Их сургуулийн хуулийн профессор, багш Инаба Казүто, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвням нар үг хэлэв.
Дэлхийн олон оронд маргааныг шийдэх хамгийн амжилттай хэлбэрийн нэг болсон эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа манай улсад ийнхүү нэвтэрч байгаа юм.
Энэ оны тавдугаар сарын 22-ны өдөр УИХ-аас шинээр батлагдсан “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд уг өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд иргэдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар анхан шатны ойлголт өгөх нь өдөрлөгийн гол зорилго байлаа.
Өдөрлөгт иргэдэд эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл, эрх зүйн зөвлөгөө өгөхөөр эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалтанд хамрагдсан шүүгч, өмгөөлөгч, шүүгчийн туслахууд, тэр дундаа “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийн түшиц шүүхүүд болох Баянзүрх дүүргийн шүүх, Дархан-Уул аймгийн шүүхүүдэд эвлэрүүлэн зуучлалыг хэрэгжүүлж ирсэн туршлагатай эвлэрүүлэн зуучлагч нар оролцон, нийт 200 гаруй иргэдэд эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүйгээр өгсөн байна. Өдөрлөгийн үеэр иргэд гэр бүл, худалдах-худалдан авах гэрээ, зээлийн гэрээнээс үүдэлтэй маргааны талаар түлхүү сонирхож байлаа.
Эвлэрүүлэн зуучлалын тухай шинэ хууль 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ