Гурилын үнэ 550 төгрөг байна

img

Гурилын бөөний үнийг одоогийн төвшинд буюу 550 төгрөгт тогтвортой байлгахаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, гурил үйлдвэрлэгч есөн компанийн захирал, Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй нар санамж бичигт гарын үсэг зурав. Гурил үйлдвэрлэгчдэд “Алтан тариа” ХХК, “Улаанбаатар гурил” ХХК, “Милл Хаус” ХХК, “Хангай” ХХК, “Дорнод гурил” ХХК, “Сайхан хүнс” ХХК, “Барил трейд” ХХК, “Таван нуур” ХХК, “Өгөөж чанар” ХХК багтсан байна. Тэд буудайн суурь үнийг тухайн жилийн буудай үйлдвэрлэлийн өөрийн өртөг, дэлхийн зах зээлийн ханш, буудайн нөөц зэргийг харгалзан тогтоох бөгөөд 2012 оны хувьд тонн тутамд 280 мянган төгрөгөөс багагүй байх юм. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурил үйлдвэрлэгчдийн худалдан авах буудайн суурь үнэ ижил байна. ҮХААЯ тариаланчдаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний  буудайн  тонн тутамд олгох  мөнгөн урамшууллын хэмжээг буудайн суурь үнэтэй уялдуулан Засгийн газраар хэлэлцүүлэн батлуулах ба энэ оны шинэ ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн буудайн тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгох Засгийн газрын 2012 оны 77 дугаар тогтоолын шийдвэрийг хангаж ажиллах юм байна. Ингэхдээ буудайн худалдан авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд эрх зүйн дэмжлэг үзүүлнэ. Харин гурил үйлдвэрлэгчид стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайг 280 төгрөгөөс багагүйгээр худалдан авч нэгдүгээр гурилын үйлдвэрийн үнийг 550 төгрөгт тогтвортой барих бол Тариаланчдын холбоо буудайн суурь үнийг тогтооход тариаланчдыг төлөөлж хэлэлцээрт оролцоно. Тариаланчдыг мэдээллээр хангаж, стандартын шаардлагад нийцсэн буудай нийлүүлэх ажлыг зохион байгуулах ажээ. Д.Дүүриймаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ