
Москва хотын сүмд ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцсэн утгатай дуу дуулсан Пусси Райот хамтлагийн гурван гишүүнийг өнгөрөгч наймдугаар сард танхайрсан хэргээр буруутгаж, хорих ялаар шийтгэсэн билээ. Гэхдээ давж заалдах шатны шүүх хурлаар тэдний нэг болох Екатерина Самуцевичийн ялыг хэрэгсэхгүй болгож, улмаар түүнийг сулласан. Одоо тэрээр хамтлагийнхаа бусад гишүүдийг суллуулахын төлөө тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ хэлж байна.
Самуцевич ярихдаа "Mэдээж би дахин хууль бусаар тоглолт зохион байгуулахыг хүсч байна. Aюулгүй байдал талаасаа аваад үзвэл бид урьдынхаасаа илүү хүнд нөхцөлд байгаа. Tиймээс бид илүү анхаарал болгоомжтой байх ёстой. Гэхдээ бид ийм нөхцөд ч гэсэн ажиллах болно" гэжээ.
30 настай дуучин цааш ярихдаа өнгөрөгч хоёрдугаар сард Москва хотын сүмд дуулсны дараа болсон үйл явдлууд хууль шүүхийн эрх мэдэлтнүүд авилга авдаг байдлыг олон нийтэд илчилсэн гэдгийг онцолсон байна. Мөн тэрээр "Сүмд дуулах үеэрээ шашны байгууллага засгийн газартай хэтэрхий ойр харилцаатай байгаа явдалд хүмүүсийн анхаарлыг хандуулахыг оролдсон. Сүсэгтнүүдийг гомдоох зорилго бидэнд байгаагүй" хэмээн ярьжээ.
Самуцевич суллагдсан хэдий ч Пусси Райот хамтлагийн бусад хоёр гишүүнд оноосон ялыг хэвээр үлдээсэн байна.
Панк урсгалаар дуулдаг тус хамтлагийн гишүүдэд хорих ял оноосныг барууны улсууд мөн алдарт дуучин Мадонна шүүмжилсэн юм.
Э.Сонгино
СЭТГЭГДЭЛ БИЧИХ