-Амьдрал дээр хар ухаанаар бодоход Оюутолгойн төслийг хэрэгжүүлж буй зах сэжүүрээс хэчнээн монгол хүн өдрийнхөө хоолыг олж байна вэ. Хэд байх ёстой юм. Одоогоор хэдэн хувьд нь хүрээд байна вэ. 90 хувь нь Монгол ажилтан байна гэж гэрээндээ тусгасан. Гэтэл бодит байдалд ямар байна вэ?
С.Ганбаатар: Би хэлье. Уурхайн эхний үед 60 хувь нь монголчууд 40 хувь нь гадаад иргэн байна гэж заасан байгаа. Үүнийг бид тухайн үедээ маш их эсэргүүцэж тэмцэж байсан. Х.Болорчулуун гишүүн тухайн үед утсаар ярьж хэлж байлаа. С.Уянга бид хоёр талбай дээр сууж байсан. Тэр үед олон нөхдүүд тэмцэж байв. Яахав 60:40 болсон. Дараа нь 90:10 гэдэг бол гэрээ хэрэгжсэний дараа үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагдаж эхэлснээс хойш. Өнөөдөр 60 хувь хүрэхгүй. Дадлагажигч оюутнууд, хог түүдэг хүмүүсээ оруулаад 60 хувьд ч хүрэхгүй. Ер нь монголчууд хамгаалалтын албанд нь, тогоочийн туслах хийх гэж Оюутолгойг оруулж ирээгүй шүү дээ. Өнөөдөр инженер техникийн ажилтан хэд байна вэ. 90 хувь нь монголчууд байлаа гэхэд нийт цалингийн 10 хүрэхгүй хувь нь монголчууд авч байвал энэ зөв үү. Энэ талд эргэж бодох хэрэгтэй. Үүнийг нягтлая гэхээр үндсэн баримт мэдээллийг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. Шударга байя.
Ноцтой нэг асуудал бол 90 хувь нь монголчууд байлаа гэхэд одоо үйлдвэрлэлээ явуулж эхлэхэд монголчууддаа бэлтгэгдсэн үү. Өнөөдөр тэдэнд хөрөнгө оруулалт хийсэн үү. 90 хувь гэдэг нь 3000 хүнийг хэлээд байгаа юм уу, 30 хүнийг хэлж байна уу. Өнөөдрийг хүртэл Засгийн газар үүнд хариулт өгөхгүй байна. Маш олон удаа асуусан. Тэд олох доллараа мэддэг хэр нь ажиллуулах монголчууддаа огт тоохгүй. Ихэвчлэн ямар мэргэжил шаардаж байгаа юм. Цахилгаанчин юм уу. Хог түүдэг хүн хэрэгтэй юм уу. Үүнийг тодорхой болгох. Дараа нь цалин, хөдөлмөрийн нөхцөл. Хэдий хугацаанд ажиллуулах юм. 3 хоног ажиллуулах юм уу, 30 жил ажиллуулах уу. Үүнийг тодорхой болгох ёстой. Энэ зүйлийг Монголын Засгийн газар ба бэгүй ярьж тодорхой болгох хэрэгтэй. Энэ утгагүй асуудлыг одоо зогсоохгүй бол маш хүнд. Чин сэтгэлээсээ хэлье. Монголчууд энэ гэрээг уншаад нойргүй хононо гэдгийг баримттай хэлнэ би.
Г.Уянга: Монголын Засгийн газар өөдөөс юу ярьдаг вэ гэхээр монголчуудыг ажиллуулах гэхээр өндөр түвшний техник технологи эзэмшсэн хүн алга. Уул уурхайн инженер дутагдалтай байна гэдэг. Энэ бол Засгийн газар иргэддээ хэлдэг үг биш. Тэнд ажиллах иргэдийг хэн бэлтгэх ёстой вэ. Засгийн газар. Хэрэв Оюутолгой төсөл нээгдээд энд ажилчин шаардагдах нь гэдгийг мэдэж байсан бол Засгийн газар шууд хүмүүсээ бэлдсэн бол эхний нарийн мэргэжлийн инженерүүд одоо Оюутолгойн монгол ажилтнуудын багийг бүрдүүлж байх байсан юм. Илүү өндөр түвшний ажилтнууд бэлтгэгдсэн байх ёстой. Тийм цаг хугацаа өнгөрсөн шүү дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ