Турк дахь Сирийн дүрвэгсдийн тоо зуун мянга давлаа
Турк дэх Сирийн дүрвэгсдийн тоо 100.000 давлаа Турк дахь дүрвэгсдийн хуарангуудад амьдарч байгаа Сирийн иргэдийн тоо зуун мянгад хүрсэн талаар Туркийн засгийн газраас мэдээлжээ. Мөн Сири, Туркийн хил дээр 7000 орчим дүрвэгсэд ирээд байгаа аж.
Өнгөрөгч ням гаригт Нью-Йоркт төвтэй судалгааны байгууллагаас мэдээлснээр дайн тулаанаас зугтсан Сирийн арван мянга гаруй иргэн Ирак, Туркийн хил дээр ирсэн гэжээ. Мөн тус судалгааны байгууллагын ажилтнууд Ирак, Туркийн эрх баригчдад хандан хилээ 24 цагийн турш нээлттэй байлгаж, хүчирхийллээс зугтсан сиричүүдийг нэвтрүүлэхийг уриалжээ.
Харин Туркийн засгийн газрын албаны хүмүүс хилээ хаагаагүй, дүрвэгсдийг хүлээн авч байгаа гэж мэдэгдсэн байна. Гэхдээ илүү хатуу хяналт шалгалт явуулж байгаа учраас дүрвэгсдийг нэвтрүүлэх үйл явц удаашралтай байгаа гэнэ.
Англид төвтэй "Syrian Observatory for Human Rights" байгууллагаас мэдээлснээр Сирид 19 сар үргэлжилсэн иргэний дайны үеэр амь үрэгдсэн хүний тоо 33.000-д хүрчээ.
Олон улсын хамтын нийгэмлэг Сирийн хямралыг шийдэх тал дээр дорвитой алхам хийж чадахгүй байсаар өдийг хүрсэн нь томоохон гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гэдгийг зарим ажиглагчид хэлж байгаа юм.
Э.Сонгино
СЭТГЭГДЭЛ БИЧИХ