
Мягмар гаригт Чилийн Вальпараисо хотод болсон жагсаалд олон мянган оюутан сурагчид болон багш нар оролцжээ. Тэд боловсролын салбарт яаралтай өөрчлөлт, шинэчлэлт хийхийг эрх баригчдаасаа шаардсаар байна. Багш оюутнууд одоогийн ерөнхийлөгч Себастьян Пинерагийн засгийн газрын боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлогыг эсэргүүцэн жагссаар байгаа юм.
Чилийн засгийн газраас саяхан танилцуулсан 2013 оны төсвийн төлөвлөгөөнд тусгаснаар боловсролын салбарт зарцуулах хөрөнгө мөнгөний хэмжээг 12.8 тэрбум америк доллар болгож нэмэгдүүлэхээр болжээ. Гэвч оюутнууд үүнийг хангалтгүй гэж үзэж байна.
Чилийн оюутнууд одоогоос 18 сарын өмнө боловсролын салбарт өөрчлөлт хийхийг шаардан жагсаж эхэлсэн. Гэвч эрх баригчид тэдний шаардлагыг хүлээн авч, хэрэгжүүлсэн ажил бараг байхгүй байна.
Жагсаалд оролцож буй оюутнуудын хэлж байгаагаар Чилийн боловсролын тогтолцоонд өөрчлөж, сайжруулах зүйл олон байна. Жишээ нь энэ улсад хувийн сургуулиудын төлбөр маш өндөр, багшлах боловсон хүчин муу, банкнууд сургалтын төлбөрийн зээлийг хэт өндөр хүүтэй олгодог ажээ.
Чилийн нийслэл Сантьяго хотод ч оюутан сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэд хотын төвд орших нэгэн сургуулийн барилгыг эзэлсэн байна. Гэвч цагдаа нар уг барилга руу нэвтрэн орж, 20 хүнийг баривчилжээ.
Э.Сонгино
СЭТГЭГДЭЛ БИЧИХ