Зөвлөлдөх уулзалт болов

img

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Гадаад хэргийн яамны зөвлөлдөх уулзалт өчигдөр Ханой хотноо болов. Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, Вьетнамын талаас Гадаад хэргийн дэд сайд Ху Суан Сөн тэргүүтэй албаны хүмүүс оролцож, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар санал солилцов. Дэд сайд нар хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа амжилттай хөгжиж ирснийг дурдаад, цаашид эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл урлаг зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх бололцоо байгааг онцлов. Эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх чиглэлээр талууд санаачлагатай ажиллах, ялангуяа Монгол, Вьетнамын хооронд шууд нислэг үйлдэх боломжийг судлахаар зөвлөлдөх уулзалтаар тохиролцов. Мөн хоёр талын бизнес эрхлэгчид, оюутан солилцоог дэмжих, олон нийтийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хооронд хамтын ажиллагаа тогтоох боломжийг эрэлхийлж ажиллахаар тогтлоо. Эдгээр асуудлыг ажил хэрэг болгох, хамтын ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс Монгол, Вьетнамын зөвлөлдөх уулзалтыг жил бүр зохион байгуулдаг болох манай саналыг вьетнамын тал талархан хүлээн авав. Мөн Монгол, Вьетнамын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдааныг энэ оны 11 дүгээр сард Ханой хотноо хийхээр тохиролцлоо. Вьетнам Улс нь Зүүн Өмнөд Ази дахь манай чухал түнш орны хувьд бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан ашигтай, идэвхтэй хамтран ажиллахын чухлыг Дэд сайд Д.Ганхуяг цохон тэмдэглэв хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ