МАН-ынхан мэдээлэл хийв
УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймгийн хоёр мандатын маргааны асуудлаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр албан ёсны шийдвэрээ гаргасан. СЕХ-ноос УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймгаас өрсөлдсөн МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэн, УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хураан авч, оронд нь АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тангараг өргүүлэхээр болсон юм. Энэ шийдвэрийг эсэргүүцэн МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Э.Мөнх-Очир, нэр дэвшигч С.Чинзориг, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат нар сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Монгол Улсад ардчилал байхгүй болжээ. Цөөнхийг дарамталж байна. Олонх өөртөө зориулж хууль тогтоомж шийдвэр гаргадаг боллоо. Сонгогчдын сонголтыг уландаа гишгэж хууль хяналтын бүх байгууллагыг гартаа авлаа. Өвөрхангайн хоёр мандат дээр СЕХ гэнэт хуралдан шийдвэр гаргасан. Уг тойрогт АН-ын бус МАН-ын гишүүд тангараг өргөх ёстой байсан. Тэгтэл СЕХ уг нь шүүхийн шийдийг хүлээнэ гэж өнөөдрийг хүртэл асуудлыг хойшлуулсан. Дээд шүүхэд хянуулна гэж хэлээд өнөөдрийг хүртэл тангараг өргүүлээгүй. Энэ хугацаанд сум дундын шүүхийн шийдвэрийг гаргаж МАН-ын гишүүдийг тангараг өргөх боломжгүй болгосон. Улмаар өчигдөр хуралдаж , МАН-ын гишүүдээс зугтаж, УИХ-ын даргад дүнг танилцуулсан. Дараа дараагийн сонгуулийг энэ маягаар явуулбал СЕХ гэж байх шаардлагагүй” гэв. Мөн тэд энэ асуудлаар УИХ, Ерөнхийлөгчид хандана гэлээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ