
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Улаанхүүд холбогдох эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцжээ.
Ц.Улаанхүү нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн нэгдсэн конвенци”-ийн жагсаалтад орсон мансууруулах бодис болох морфин, героины бэлдмэлийг онц их хэмжээтэйгээр буюу 0.523 кг-ыг хууль бусаар олж авч, хадгалан улмаар борлуулах зорилгоор Б-д шилжүүлэн өгсөн гэмт хэрэгт холбогдсон.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх дээрх хэргийг 2012 оны гуравдугаар сарын 26-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Ц.Улаанхүүд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.1-д зааснаар 11 жил хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Харин Нийслэлийн шүүх уг хэргийг 2012 оны тавдугаар сарын 3-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Ц.Улаанхүүд оногдуулсан 11 жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ