
Нийслэлийн цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хуралдаан болж, нийслэлийн цэргийн штаб, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дэд дарга, дүүргүүдийн цэрэг татлагын товчоодын дарга нарын илтгэлийг сонслоо. Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын бэлтгэл 94 хувь хангагдсан байна. 2012 оны II ээлжийн цэрэг татлагад хамрагдах 20 915 иргэн байгаагаас 19 319 иргэнд буюу 93,4 хувьд нь “Зарлан дуудах хуудас” тараажээ.
Нийслэлийн цэргийн штабаас “Цэрэг татлага гэж нэрлээд байгаа болохоос манай дүүргүүдийн цэрэг татлагын товчоод цэргийн насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт оруулах, хууль тогтоомж сурталчлах, цэргийн жинхэнэ албаны татлага зохион байгуулах, гэрээт цэргийн болон дүйцүүлэх алба хаалгах ажлыг хийж байгаа юм байна. Нийслэлийн хэмжээнд нийт 956 иргэнээр цэргийн дүйцүүлэх алба хаалгаж, 284,4 сая төгрөгийг тушаасан байна. Цаашид зэвсэгт хүчнийг бүтээн байгуулалтад оролцуулах, мэргэжил эзэмшүүлэх, цэргийн албан хаагчдад мөнгөн хуримтлал бий болгох талаар анхаарч ажиллана” гэж мэдээллээ. Нийслэлийн цэргийн штабын дарга Ё. Гэрэлчулуун “Цэрэг татлагын ажилд өндөр хариуцлагатай хандах, эрүүл мэндийн үзлэгийг зааврын дагуу хийх, цэрэг татлагын байрны зохион байгуулалт, харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, цэргийн жинхэнэ албанд татагдагсдын баримт бичгийн бүрдүүлэлт, шилжилт хөдөлгөөнийг хянах, тээврийн аюулгүй байдлыг хангах, 1986 онд төрсөн хүмүүсийн дүйцүүлэх албыг хаалгах тал дээр анхаарч ажиллах, нийслэлийн цэргийн штабтай байнга холбоотой байж, өдөр бүр 20 цагт мэдээ өгч байх”-ыг дүүргүүдийн цэрэг татлагын товчооны дарга нарт үүрэг болголоо. Мөн цэрэг тээвэрлэх, хүргэх ажлын аюулгүй байдлыг хангах үүднээс цэргийн цувааг 1-р эгнээгээр зорчуулах ажлыг зохион байгуулахыг ЗЦГ-ын дэд дарга, хурандаа Ч.Жаргалсайханд үүрэг болголоо. Цэрэг татлага маргааш эхэлнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ